ДАРХАН-УУЛ: Гэр хорооллын яндангийн тоог цөөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-12 16:48:29

Дархан, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, НҮБ-ын Хүүхдийн сантай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг энэ онд байгуулсан юм.


Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд агаар орчны бохирдлыг багасгах “Утаагүй Дархан” хөтөлбөр, “Утаагүй гэр” төслөөр дамжуулан эхний ээлжид зорилтот 20 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй монгол гэрийн халаалт, дулаалгын чип багцыг өнөөдөр хүлээлгэн өглөө.




Дархан сумын хамгийн их агаарын бохирдолтой тав, зургаадугаар багаас эхлэн туршилтын журмаар 20 өрх сонгожээ. Агаарын бохирдлыг багасгах, гэр хорооллын яндангийн тоог цөөлж байна.


Уг төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд сонирхсон иргэд ногоон зээлд хамрагдан монгол гэрт зориулсан халаалт, дулаалгын чип багц авах боломжтой юм. Багцын үнэ гурван сая төгрөгийн өртөгтэй бөгөөд агаар сэлгэлт, дулаалга, халаалтын багцаас бүрджээ.


Цаашид хамтын ажиллагааны хүрээнд жил бүр 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар монгол гэрийн халаалт, дулаалгын чип багцыг хамтын ажиллагааны гэрээний хүрээнд нийлүүлэхээр зорьж байна.


Мөн “Дархан дахин төлөвлөлт” ААТҮГ-аас Дархан сумын зургаадугаар багийн төвийн дэргэд гэр мэдээллийн төвийг ажиллуулж байна.








Ташрамд, Дархан-Уул аймаг 109.000 хүн амтай, 29.000 гаруй өрхтэй. Эдгээрийн 52.1 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдардаг бол үлдсэн хувь нь гэр хороолол амины сууц болон гэрт амьдарч байна.

Холбоотой мэдээ