Цагаачдын хөдөлмөрийг шударгаар үнэлэхийг Пап Францис уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-09-12 17:49:17

СИНГАПУР, 2024 оны есдүгээр сарын 12 /AFP/. Пап Францис Ази, Номхон далайн орнуудад хийж буй цуврал айлчлалынхаа төгсгөлд Сингапурт зочлох үеэрээ цагаач ажилчдын хөдөлмөрийг шударгаар үнэлэхийг уриалжээ


Өдгөө 87 настай Ромын пап Сингапурын улс төрийн удирдагчид, нэр нөлөө бүхий хүмүүст хандаж хэлсэн үгэндээ цагаач ажилчдын нэр төрийг хамгаалахад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг онцолсон байна. “Эдгээр ажилчин нийгэмд асар их хувь нэмэр оруулдаг тул зохих цалин хөлсийг олгодог байх ёстой гэж тэрбээр хэлжээ.


Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр, дэлхий даяар 170 сая цагаач ажилчин байгаа нь дэлхийн нийт ажиллах хүчний тав орчим хувьтай тэнцэж байна. Тэдний ихэнх нь Америк, Европ, Төв Азид амьдардаг. Гэвч хямд ажиллах хүч нь Дубай, Доха, Сингапур зэрэг гоёмсог том хотуудын хурдацтай өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Сингапурт цалин багатай 300 мянга орчим цагаач ажилладаг гэсэн тооцоо бий.


Цагаач ажилчдыг хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалах зохицуулалт хангалтгүй, зарим тохиолдолд амьдралын бэрх нөхцөлийг тэсвэрлэхээс аргагүйд хүрдэг гэж цагаач ажилчдын эрхийг хамгаалагч идэвхтнүүд мэдэгддэг боловч засгийн газар үүнийг үгүйсгэдэг. Ковид-19 цар тахлын үеэр олон арван мянган цагаач ажилчныг дотуур байранд нь албадан түгжих үед энэ асуудал олны анхаарлыг татсан юм. Сингапурт амьдардаг цагаачдын дийлэнх нь Өмнөд Азийн орнуудаас болон католик шашинтан олонтой Филиппинээс ирдэг байна.


“Пап энэ сэдвийг хөндөн ярьсанд би маш их баяртай байна. Тэд миний цалинг нэмэхгүй байсан ч Пап өөрөө бидний төлөө тэмцэж, залбирч байгаад баярлаж байна” гэж 34 настай гэрийн үйлчлэгч филиппин эмэгтэй AFP агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэрбээр ажил олгогчоосоо зөвшөөрөл аваагүй тул нэрээ нууцлахыг хүссэн байна. Сингапурын Хөдөлмөрийн нөөцийн яамны 2023 оны статистик мэдээллээр дундаж цалин 3985 ам.доллар байдаг бол энэ эмэгтэй сард 460 ам.долларын цалин авдаг ажээ.

 


Холбоотой мэдээ