Нүүрсний борлуулалт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-14 12:53:50

Увс аймгийн Улаангом сумын зах дээр нэг тонн нүүрс 60 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Хэдийгээр цаг агаар тогтуун сайхан байгаа ч, шөнөдөө хүйтэн, өдөртөө жиндүү байгаа тул гэр хорооллын иргэд өвлийн түлш нүүрсээ эртнээс бэлтгэж, энэ хэрээр нүүрсний борлуулалт нэмэгджээ.

Уг нь бол Увс аймагт Хартарвагатайн нүүрсний орд, Хотгорын уурхай, Яврын нүүрсний орд гээд томоохон нүүрсний ордууд байгаа ч тонн нүүрсний үнэ хямдрахгүй, харин ч жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Нүүрсний худалдаачид болон жолооч нар тайлбарлахдаа холоос ачиж ирдэг, бензин тос их ордог, уурхай дээр дараалал ихтэй, зам давуу хэцүү гэсэн бэрхшээлийг тоочиж байгаа юм.

Улаангом хотод хоёр уурын зуух, 10 гаруй жижиг оврын зуух үйл ажиллагаа явуулдагаас гадна гэр хорооллын 10-аад мянган айл өрх амьдарч байна.

Увс нуур, Тэс голын сав газар нь Монголын хамгийн хүйтэн цэг учраас өвөлдөө -50 хэм хүрч хүйтэрдэг тул Увс аймгийн зүүн талын сумдад урт өвөл, хавар болдог юм. Иймээс илчлэг чанар ихтэй Хартарвагатайн уурхайн нүүрсийг айл бүр хэрэглэдэг бөгөөд нэг өрх дунджаар 5 тн нүүрсээр өвөлждөг байна.

Увс аймаг Б.Батхүү

  

Холбоотой мэдээ