Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЖЕНЕВ, 2024 оны
есдүгээр сарын 17 /Reuters/. Номхон далайн өмнөд хэсэгт галт уул дэлбэрсэн ч Дэлхийн озоны
давхарга урт хугацаанд нөхөгдөх төлөвтэй
хэвээр байна гэж Дэлхийн цаг уурын байгууллага мэдэгджээ.
Одоогийн хурдаар тооцоолон үзвэл, озоны давхарга 2066 он гэхэд Антарктидын дээгүүр, 2045 он гэхэд Хойд туйлын дээгүүр, 2040 он гэхэд дэлхийн бусад хэсгийн дээгүүр 1980 оны түвшинд хүрч нөхөгдөх төлөвтэй байна гэж тус байгууллага мэдээлсэн байна.
2022 оны эхээр Тонгад усан доорх галт уул дэлбэрсний улмаас
өнгөрсөн онд агаар мандлын
усны уурын агууламж
ихэссэнээр Антарктидын дээгүүрх
озоны давхарга богино хугацаанд хурдацтай цоорсон хэдий ч цоорхойн хэмжээ харьцангуй бага байсан гэж озоны давхаргын талаарх жил тутмын тайлан мэдээнд дурджээ.
Озоны давхарга нь арьсны хорт хавдар болон эрүүл мэндийн бусад эрсдэл үүсэх шалтгаан болдог Нарны хэт ягаан туяанаас Дэлхийг хамгаалдаг.
1989 онд хүчин төгөлдөр болсон Монреалийн протоколын дагуу хлорфторт нүүрстөрөгч болон озоны давхаргыг задалдаг бусад бодисын хэрэглээг үе
шаттайгаар зогсоохоор тохиролцсон бөгөөд олон талт хамтын ажиллагаанд саад бэрхшээл тулгараад буй үед дээрх амжилт
нь “итгэл найдварын хүчирхэг
бэлгэ тэмдэг” болж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио
Гутерриш мэдэгджээ.
Хлорфторт нүүрстөрөгчийг ихэнх тохиолдолд
гидрофторт нүүрстөрөгчөөр
сольсон бөгөөд энэ нь озоны цоорхой үүсгэдэггүй боловч дэлхийн дулааралд голлон нөлөөлж буй хүлэмжийн
хийнүүдийн нэг юм.
Өдгөө дэлхийн
улс орнууд 2016 онд Монреалийн протоколд
оруулсан Кигалийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд гидрофторт нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийг
бууруулж, 2100 он гэхэд Цельсийн
0.5 хэмээр дулаарахаас сэргийлэхийг зорьж байна.
Дэлхийн гидрофторт нүүрстөрөгчийн хамгийн том үйлдвэрлэгч нь Хятад улс хэвээр байна. Даваа гарагт Хятадын Байгаль орчны яам ийм нүүрстөрөгчийн үйлдвэрлэлд илүү сайн хянах төлөвлөгөөг удахгүй танилцуулахаа мэдэгджээ. Хөгжиж буй орны хувьд тус улс нь 2013-2045 оны хооронд гидрофторт нүүрстөрөгчийн хэрэглээгээ 85 хувиар бууруулах үүрэг хүлээсэн байна.