Англи, Италийн багууд тэнцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-09-19 11:51:20

ЛОНДОН, 2024 оны есдүгээр сарын 19 /TASS/. Английн "Манчестер Сити" баг Аваргуудын лигийн ерөнхий шатны нэгдүгээр тойргийн тоглолтод Италийн “Интер” багтай 0:0-ээр тэнцлээ. 


Манчестер хотод болсон тоглолтын завсарлагааны дараа Английн багийн бельги хагас хамгаалагч Кевин де Брюйне бэртэж, талбайг орхисон байна. 


Тус хоёр баг 2022/23 оны улирлын Аваргуудын лигийн финалд учраа таарч байсан бөгөөд Английн клуб 1:0-ээр хожиж, энэ тэмцээнд анх удаа түрүүлж байлаа.


“Манчестер Сити”-гийн дараагийн өрсөлдөгч нь Словакийн “Слован” баг бөгөөд Пеп Гуардиолагийн баг аравдугаар сарын 1-нд зочлон тоглох бол “Интер” баг мөн энэ өдөр Сербийн "Црвена Звезда" багийг талбайдаа хүлээж авна.


Лхагва гарагт болсон бусад тоглолтуудад Чехийн “Спарта” баг талбайдаа Австрийн "Зальцбург" багийг 3:0-ээр хожиж, Италийн "Болонья" баг талбайдаа Украины “Шахтёр” багтай 0:0-ээр тэнцсэн байна. Шотландын "Селтик" баг "Слован"-ыг 5:1-ээр, Германы “Борусси Дортмунд” Бельгийн “Брюгге” багийг 3:0-ээр, “Парис Сен-Жермен” талбайдаа Испанийн “Жирона” багийг 1:0-ээр хожжээ.


2024/25 оны улирлаас эхлэн клубүүд хэсгийн тоглолтын оронд ерөнхий шат гэж нэрлэж буй тоглолтод оролцож байгаа юм. Мөн түүхэнд анх удаа 36 баг өрсөлдөж байгаа бөгөөд эхний найман баг 1/8 шигшээд шууд шалгарах бол үлдсэн найман өрсөлдөгчийг 9-24-р байрт шалгарсан багуудаас шалгаруулна. Тэмцээнд оролцогч баг бүр найман өөр өрсөлдөгчтэй найман тоглолт хийх ёстой. 




Холбоотой мэдээ