“Хайрыг хайрла” жүжиг маргаашаас үзэгчдийн хүртээл болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Одоогоос 40 жилийн өмнө буюу 1984 онд Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр зохиолыг нь бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваагийн найруулгаар олны хүртээл болж байсан шилдэг жүжгүүдийн нэг бол “Хайрыг хайрла” юм.
Тухайн үед Улсын хүүхэд, залуучуудын театрын захиалгаар Д.Батбаяр эл жүжгийн зохиолоо бичиж, залуу уран бүтээлчид түүнийг нь амилуулснаар үзэгчдийн хөлд дарагдаж байв. “Хайрыг хайрла” жүжиг залуу гэр бүлийн дотоод зөрчлийг ил гаргаж, тухайн үедээ нийгмийг донсолгож, цахиур хагалсан сайн бүтээл байсан юм. Тэгвэл мартагдах шахсан энэ жүжгийг Улсын хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээлтээ хийхдээ олны хүртээл болгосон байдаг.
Харин тус театр намар цагийн нээлтээ 40 жилийн ойтойгоо золгож буй дээрх жүжгээр хийх гэж байна. Маргааш нээх уг жүжгийн зохиолыг Н.Уранзаяа шинэчлэн бичиж, төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан юм. Гол дүрийг Ч.Авирмэд, Ц.Мөнх-Эрдэнэ, Д.Оюунтуул, Т.Золжаргал, Х.Азбуян, Н.Бямбасүрэн, Г.Алтангэрэл, А.Оргил, Э.Уранжаргал, Б.Тэгшжаргал залуу, авьяаслаг жүжигчид бүтээсэн байна.
Нөхөр нь
эхнэрийнхээ хардалт, үл итгэлцлээс болж гэрээсээ явж буйгаар жүжиг эхэлдэг.
Тэдний хувьд асуудлыг шийдэх хамгийн амархан арга бол салалт. Гэхдээ тэд зөв
алхам хийж буй эсэхдээ эргэлзэнэ. Тэд зовлон жаргалыг хамтдаа туулж ирсэн
хэрнээ жижигхэн асуудлаас ямар том асуудал үүсгэж, эцэстээ юу тохиолдож болохыг
“Хайрыг хайрла” уянгын драмын жүжигт харуулна. Түүнчлэн гэр бүл, хосуудын
харилцаа, хайр дурлал, итгэлцлийн талаар өгүүлэх энэхүү жүжиг нь хором бүрд зөв
эргэлт, сонголт хийхийг уриалахаас гадна бүх насныхан үзэх боломжтой.