М.Карлсен, Ю.Полгар нар бүх цаг үеийн шилдгүүдээр тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-20 10:08:50

МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 20 /РИА Новости/. Олон улсын шатрын холбооноос /FIDE/ Норвегийн их мастер Магнус Карлсен, Унгарын их мастер Юдит Полгар нарыг бүх цаг үеийн шилдэг шатарчид хэмээн хүлээн зөвшөөрснийг тус холбооны Х нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудсанд бичжээ.


Унгарын нийслэл Будапешт хотноо пүрэв гарагт FIDE-гийн 100 жилийн ойд зориулсан гала үдэшлэг болж, энэ үеэр Карлсен, Полгар нар шилдгүүдийн шагналаа гардан авсан байна.  


Тамирчны замналаа 2014 онд дуусгасан Ю.Полгар 1989-2015 онд ФИДЕ-гийн эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлж, 1988 ба 1990 онуудад Унгарын шигшээ багийн бүрэлдэхүүнд Дэлхийн шатрын олимпиадад оролцож алтан медаль хүртэж байв. Түүнчлэн эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хоёр удаа мөнгөн медаль хүртжээ.


Харин их мастер М.Карлсен 2013 онд дэлхийн аварга болсноосоо хойш 2023 он хүртэл аваргын титмийг дөрвөн удаа хамгаалсан юм. Тэрбээр аваргын цолоо тав дахь удаагаа хамгаалахаас сайн дураараа татгалзснаар Оросын их мастер Ян Непомнящийг ялсан Хятадын шатарчин Дин Лижэн дэлхийн аварга болсон билээ.


Түүх өгүүлэхэд, Германы шатарчин Э.Ласкер 1894 онд дэлхийн аварга болсноосоо хойш цолоо зургаан удаа хамгаалж байсан бөгөөд 1921 онд Кубын их мастер Хосе Раул Капабланкад хожигджээ. 

Холбоотой мэдээ