БАЯНХОНГОР: Үйлдвэрлэгчид 100 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ
ФОТО МЭДЭЭБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Намрын ногоон өдрүүд-шилмэл мал 2024” үзэсгэлэн худалдааг есдүгээр сарын 20-22-нд Баянхонгор аймгийн “Биеийн тамир спортын хороо”-нд зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд 20 сумын 110 гаруй үйлдвэрлэгч оролцож, 100 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
"Тус үзэсгэлэн худалдаа нь шилдэг ашиг шим сайтай орон нутгийн омгийн малыг олон нийтэд сурталчлах, тоо толгойг нэмэгдүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, Баянхонгорын онцлогтой, зах зээлд өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилгоор тогтмол зохион байгуулж байгаа" гэдгийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан үзэсгэлэнгийн үеэр онцолж байв.
Мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь улс орны хөгжлийг хөдөлгөх хүч болсоор ирсэн бөгөөд Баянхонгор аймгийн хувьд нийт 45.8 мянган ажилчдын 25 мянган иргэн буюу 54.58 хувь нь тус салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 37.4 хувийг үйлдвэрлэж байгааг танилцуулав.
“Намрын ногоон өдрүүд-шилмэл мал-2024” үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулжээ.