Канад Улсын парламентын нийгэмлэгийн гишүүд МОНЦАМЭ агентлагт зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2024-09-23 19:56:21


Улаанбаатар. 2024 оны 9-р сарын 23. /МОНЦАМЭ/. Канад Улсын үе үеийн парламентын гишүүдийн нийгэмлэг /CAFP/-ийн төлөөлөгчид нэгэн зууны түүхэн замналынхаа турш Монгол Улсын төр засгийн мэдээний албан ёсны, баталгаат эх сурвалж болж, улс орноо гадаад ертөнцөд сурталчлах үүрэгтэй ажиллаж ирсэн Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт өнөөдөр зочиллоо.


CAFP нь Канадын парламентын актын дагуу байгуулагдсан ашгийн бус байгууллага бөгөөд Канадын Сенат болон Нийтийн танхимын үе үеийн гишүүдээс бүрддэг. Тус нийгэмлэгийн гишүүд гадаад улс орнуудад танилцах аялал хийдэг уламжлалтай бөгөөд энэ удаад ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэй Монгол Улсад айлчилж байгаа ажээ.


Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Канад Улсын Ерөнхий сайдын Парламент дахь нарийн бичгийн дарга, Парламентын Гадаад хэрэг, Олон улсын худалдааны байнгын хорооны дарга асан Др.Жан Агостин, Сүүдрийн Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал хариуцсан Парламентын дэд хорооны дарга асан н.Кэннэт Чарльз Бошкоф, Байгаль орчин, Хөдөө аж ахуй, Индиан болон Хойд нутгийн асуудал эрхэлсэн сайд нарын Парламент дахь нарийн бичгийн дарга асан х.Дороти Ина Элгива Добби, Олон соёлын асуудал хариуцсан Парламентын нарийн бичгийн дарга, Канад-Тайваны Парламентын найрамдлын бүлгийн дэд дарга асан  н.Чунсэн Леунг, Парламент дахь Либерал намын бүлгийн дэд зохицуулагч, Канад-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга асан х.Ясмин Ратанси, Парламентын гишүүн асан, Торонто дахь Монгол Улсын Өргөмжит консул Браён зэрэг нэр хүндтэй эрхмүүд Монгол оронд хүрэлцэн иржээ.


Тэд 9 дүгээр сарын 18-23-ны өдөр Улаанбаатар хотод зочлохдоо төр нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд, судлаач эрдэмтэд, археологич түүхчид, оюутан залуустай хийсэн олон уулзалтад оролцсон байна.


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос, “Монгол оронтой илүү ойроос танилцах, монголчуудын тухай гүнзгий мэдэх аяллынхаа нэгэн чиглэлийг Монгол Улсын үндэсний мэдээллийн агентлаг болгосонд талархаж буй”-гаа илэрхийлээд, хүндэт зочдод байгууллагаа танилцуулав. Түүнчлэн зочдын машид сонирхсон монгол орон, монголчуудын аугаа түүх, соёл, түүн дотроо монгол хэл, монголчуудын өнө удаан жил хэрэглэсэн босоо бичиг, түүгээр тэмдэглэж ирсэн баялаг өв сангийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Мөн МОНЦАМЭ агентлагаас гадаадын уншигчдад зориулж гаргадаг сонин сэтгүүл, төрөл бүрийн контентын талаар ч сонирхуулав.


Канад Улсын үе үеийн парламентын гишүүдийн нийгэмлэгийн төлөөлөгчид ирэх 10-р сард Торонтогийн их сургуульд Монголын өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдаж, монгол орныг судалж эхэлсэн канад залуус Монголын тухай улам ихийг мэдэхийг хүсдэг тул Торонтогийн их сургуульд Монгол хэлний тэнхим байгуулах зорилго тавьж буйг Торонто дахь Монгол Улсын Өргөмжит консул Браён Вилферт өгүүлж байв.


Монгол залуустай хийсэн уулзалтынхаа тухайд тэрбээр, “Монголын залуус ирээдүйгээ маш өөдрөгөөр хардаг, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй байдаг юм байна. Гайхамшигтай эрч хүч, бахархмаар урам зоригтой залуу үе өсөж байгаа нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн” хэмээн тодорхойлоод, Монгол, Канадын харилцаа дан ганц уул уурхайд түшиглэх бус жижиг, дунд үйлдвэрлэл, боловсрол, соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарт өргөжин хөгжих нэн сайхан боломж байгааг, тэдгээрийг ажил хэрэг болгох чин хүсэлтэй байгаагаа онцолж байв. Хоёр орны харилцааг бэхжүүлэхэд ард иргэд, албан байгууллагуудын харилцаа нэн чухал тул МОНЦАМЭ агентлагийг Канадын ижил төстэй байгууллагатай хамтын ажиллагаатай болгоход бүх талаар туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа ч илэрхийлсэн юм.


Канад Улсын үе үеийн парламентын гишүүдийн нийгэмлэгийн зочид маргаашаас говийн нутгаар аялах төлөвлөгөөтэй байгаа аж.


Ташрамд дурдахад, тус нийгэмлэг нь үндсэн үйл ажиллагааныхаа зэрэгцээ Канадад болон хилийн чанадад ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Боловсролын санг байгуулжээ. Үүнээс гадна жил бүр улс орон болон ардчилсан институцэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн парламентын гишүүдэд гардуулдаг “Distinguished Service Award” шагналыг ивээн тэтгэдэг юм байна.

 

Холбоотой мэдээ