СЭЛЭНГЭ: Музейн ханыг үл давтагдах чулуун шигтгэмлээр урлажээ

МУЗЕЙН ҮНЭТ ӨВ
otgontsetseg@montsame.mn
2024-09-26 10:47:34

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн дотор талын ханыг чулуун шигтгэмлийн аргаар гайхамшигтай чамин урлаж чимсэн байдаг.

 

Энэхүү нарийн хийц бүхий үл давтагдах урлагийн бүтээлийг 1971 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн зураач, уран барималч Мижидийн Бүтэмж бүтээн байгуулжээ.

 

Зураач, уран барималч М.Бүтэмж энэхүү бүтээлээ хийхдээ чулууг нь Дундговь аймгийн нутгаас МХЗЭ-ийн гишүүдийг хүчээр түүлгэн, зөөвөрлөж бүтээсэн түүхтэй юм.

 

Тэрээр хананы бүтээлээ урлахдаа хоёр хэсэгт утга санааг нь гарган урласан байна.

 

Хананы баруун талынхыг “Хувьсгалын шуурга“ хэмээн нэрлэжээ. Энэхүү шигтгэмлээр 1921 оны Ардын хувьсгалын партизан цэргүүд жанжин тугаа мандуулан, гарамгай тулалдсаныг харуулсан байна.

 

Мөн дөрвөлжин сүмийн үүдэнд дөрвөн пулемёт зоож байсан түүхийг яруу тод дүрслэн харуулжээ.

 

Харин хананы зүүн талынхыг “Хувьсгалын цуурай“ хэмээжээ. Үүндээ Монголын ард түмний суут хүү, 1921 оны ардын хувьсгалыг үндэслэгч Д.Сүхбаатарыг жанжин тугтай нь хамт дүрсэлсэн байна.

 

Мөн хажууд нь Ардын засгийн анхны наадмыг шигтгэмэлдээ уран сайхнаар дүрсэлж өгсөн хэмээн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Наранчимэг тайлбарлан ярилаа.

 

Холбоотой мэдээ