ДОРНОГОВЬ: Музейн гол үзмэрт Олон хүрээ хийдээс үлдсэн бурхан номын эдлэл багтдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-09-26 12:59:34

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын орон нутгийг судлах музейн зарим үзмэрээс хүргэе.


Тус сумын нутагт Олон хүрээ буюу Мэргэн вангийн хүрээ оршиж байжээ. Хүрээний лам нарын эдэлж хэрэглэж байсан шашны эд зүйл болох бурхны ном, хүрд, шүүгээ, аяга, зэрэг ховор эдлэл хэрэгсэл тус музейн гол үзмэр болон хадгалагдаж байна.


Тус хийд нь Цогчин, Чойр, Манба, Жүд, Дүйнхор гэсэн таван дацантай. Баруун аймаг, баруун урд аймаг, минжүүрийн аймаг, зүүн аймаг, зүүн урд аймаг гэсэн таван аймагтай байжээ. Хурал номын цар хүрээ, лам нарын тооны хувьд том хүрээтэй харьцуулахад бага боловч дэг зохион байгуулалтын хувьд хүрээний зохион байгуулалттай байжээ.


Олон хүрээ хэмээх энэ хурал номын газрын үүсэн байгуулагдсан он цаг нь тодорхойгүй болов ч 19 дүгээр зууны эхээр үүссэн байх магадлалтай бөгөөд 1937 оны эхээр хэлмэгдүүлэлтийн үеэр хаагджээ.


Сайхандулаан сум 1691 онд халхад Говь мэргэн вангийн хошуу үүсэх үеэс эхлэн Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд харьяалагдаж явсаар ардын хувьсгал ялсны дараа  1924 онд  Мэргэн вангийн хошууны баруун долоогийн Ардын төлөөлөгчдийн хурлаас Их дулаан, Хутаг уул, Оцол сансар, Хоёр өлзийт уулын хошууд хэмээн бүтцийг өөрчлөн шинээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн түүхтэй.

Холбоотой мэдээ