“Амьтдын тухай 50 ном” уралдаан зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-27 15:45:15

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улс түүхэндээ анх удаа гэрийн тэжээвэр амьтны тухай хууль баталсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.


Тэгвэл “Номын соёлт ертөнц” төрийн байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клуб, "Азтай савар" төрийн бус байгууллагатай хамтран энэхүү хуулийн зорилт болон амьтдын тухай илүү их танин мэдүүлэх зорилгоор “Амьтдын тухай 50 ном” уралдаан зарлажээ. Бид яагаад амьтныг хайрлах ёстой вэ, энэ дэлхий ертөнц зөвхөн хүнийх үү, яагаад заавал амьтны тухай вэ гэсэн олон асуултын хариултыг номоос мэдэх боломжтой.


Амьтдын тухай илүү ихийг мэдэх, тэд бидний амьдрал болон дэлхийн ертөнцийг хичнээн өнгөлөг болгож байгааг ойлгуулахад уг уралдааны гол зорилго оршиж байгаа аж. Түүнчлэн хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, нийтийн уншлагыг дэмжих, ном сурталчлах, ном хэвлэлийн салбарыг өргөн хүрээнд дэмжих нь “Амьтдын тухайн 50 ном” уралдааны мөн чанар оршиж байна.


Уралдааны материлыг ирэх арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авч, 5-нд олон нийтэд дэлгэнэ. Уг уралдаанд баг, хамт олон болон ганцаарчилж оролцох боломжтой бөгөөд нэрлэсэн 50 номоос өөрт таалагдсан зохиолоо сонгон уншиж, бүтээлч тэмдэглэл хийх юм. Ингэхдээ уралдаанд бүтээлээ явуулах, уншсан номоороо 5-10 минутын подкаст хийх шаардлагатай ажээ. Тэргүүн байрыг гурван сая төгрөгийн ном авах эрхийн бичгээр шагнах бол хоёр болон гуравдугаар байрыг 1-2 сая төгрөгийн номын эрхийн бичгээр урамшуулах юм байна.  






Холбоотой мэдээ