Британийн нэрт жүжигчин Мэгги Смит таалал төгсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОНДОН, 2024 оны есдүгээр сарын 28 /BBC/. Британийн нэрт жүжигчин Мэгги Смит 89 насандаа таалал төгссөн тухай түүний гэр бүлийнхэн мэдэгджээ.
"Тэрээр есдүгээр сарын 27-ны баасан гаргийн үүрээр эмнэлэгт амгалан нойрслоо” гэж түүний хүүхдүүд болох Тоби Стефенс, Крис Ларкин нар мэдэгджээ. Гэр бүлийнхнийх нь хэлснээр жүжигчин маш хаалттай хүн байсан бөгөөд сүүлийн өдрүүдээ гэр бүл, дотны найз нөхдийнхөө дунд өнгөрүүлсэн байна.
Мэгги Смит бол Британийн тайз, дэлгэцийн урлагийн домог байлаа. "Харри Поттер" киноны профессор Минерва МакГонагалл, "Даунтон эдлэн" олон ангит киноны гүнгийн бэлэвсэн хатан Вайлет Кроулигийн дүрд тоглосноосоо хойш дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчтэй болсон билээ. Гэхдээ их амжилтад үүнээс ч эрт хүрсэн юм. Тэрбээр 1970 онд "The Prime of Miss Jean Brodie", 1979 онд "California Suite" кинонд бүтээсэн дүрээрээ хоёр удаа "Оскар"-ын шагнал хүртсэнээс гадна, Британийн "Бафта" наадмаас найман шагнал хүртжээ.
Орлогч жүжигчнээс од хүртэл
Маргарет Натали Смит 1934 оны 12 дугаар сарын 28-нд Эссекс мужийн Илфорд хотод эмгэг судлаачийн гэр бүлд мэндэлжээ.
Дэлхийн II дайнаас өмнө түүний гэр бүл Оксфорд руу нүүж, Мэгги Оксфордын охидын сургуульд суралцжээ. Тэрбээр театрын жүжигчний гараагаа Оксфордын нэгэн театрт эхлүүлсэн байна. Эхэндээ театрын хөтөлбөрүүдийг зардаг байсан бол дараа нь орлогч жүжигчин болжээ.
М.Смит Лондоны театрын тайзнаа анх 1952 онд гарсан байна.
1963 онд театрын найруулагч Лоренс Оливье түүнд Дездемоны дүрд тоглохыг санал болгож, өөрөө Отеллогийн дүрд тогложээ. Энэхүү жүжиг нь Лондоны Үндэсний театрт хоёр жилийн турш тоглогдсон бөгөөд дараа нь уг жүжигт тоглосон жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр кино хийсэн юм.
М.Смит нийтдээ 60 орчим кинонд дүрээ мөнхөлжээ.