Монголын Орчуулагчдын анхдугаар чуулган боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Монголын Орчуулагчдын анхдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тус чуулганы оролцогчдод хандаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал уншиж танилцуулсан юм.
Тэрбээр Ерөнхийлөгч нийт оролцогчдод
хандаж Олон улсын орчуулагчдын өдрийн мэндийг дэвшүүлснийг уламжилсны зэрэгцээ эдүгээ
манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор
бичигдэн үлдэх төрийн айлчлалуудыг амжилттай зохион байгуулж, монголчууд бидний
баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулж буй энэ
цаг үед хэлмэрч, орчуулагчдын мэдлэг чадвар, торгон мэдрэмж, туйлбартай зан,
үүрэг хариуцлага илүү чухал болж байна хэмээн тэмдэглэв.
Түүнчлэн уг чуулганы үеэр орчуулгын салбарын тулгамдсан асуудал, орчуулагч, хэлмэрч мэргэжилтний ур чадвар, орчуулгын бүтээлийн чанар, стандартыг үнэлэн дүгнэж, олон улсын цахим орчуулга, хиймэл оюуны орчуулгын чиг хандлага, манай улсын хөгжүүлэлтийн түвшнийг хэлэлцэн, орчуулгын салбарын хөгжлийн шийдлээ зураглан, цаашдын зорилго, хүний нөөцийн бодлогыг тодорхойлно гэдэгт итгэл төгс байна гээд, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүссэн болохыг хэллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр энэ үеэр хэлэхдээ "Орчуулагч нь тухайн зохиогчийн юу бодож зорьж байгааг сайтар ойлгосон байхын зэрэгцээ цаана нь буй соёл уламжлал, нийгмийн баримжааг ухаарсны үндсэн дээр сайн орчуулга хийдэг. Энэ нь эх зохиогч үндсэн орчуулагч хоёрын чадвар чансааны асуудал мөн бөгөөд тэнцвэртэй байх зарчмыг хангаж буй эсэхийг харуулсан өрсөлдөөн юм. Энэ нь хоёр том ертөнцийг уусган нийлүүлэх тэнцүү ойлголт руу чиглэдэг билээ.
Сүүлийн жилүүдэд орчуулгын бүтээл эрс нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Нөгөөтээгүүр чанарын асуудлыг сөхөж ярих шаардлага үүсээд буй. Түүнчлэн хиймэл оюун ухаан энэ салбарт хүч түрэн орж ирж байна. Гэсэн хэдий ч хүний уураг тархи, оюун ухааныг гүйцэж түрүүлэхэд хол байна. Иймд бид цаашдаа хиймэл оюун ухааны салбарт ямар оролцоотой байх вэ гэдэг дээр бодолцох хэрэгтэй" хэмээв.
Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос илтгэлийнхээ эхэнд төрт улс оршин байгаа цагт орчуулагчдын үүрэг оролцоо хумигдах бус улам ч тэлэх бөгөөд орчуулагчид гүн бат мэдлэгийг эзэмших шаардлага илүүтэй тавигдаж байна. Аливаа гадаад хэлийг сурах нэг хэрэг, улс үндэстнийхээ эрх ашгийн манаанд хөтөлгөө морьтой харуул занги шиг зогсож, төрийн нарийн бодлого, холч санааг бусад улс оронтай зохицолдуулахад орчуулагчийн торгон ухаан, мяндсан мэдрэмж амин чухал хэмээн онцолсон юм.
Тэрбээр илтгэлдээ дипломат ёсны орчуулга, мэргэжлийн болон хэвлэл мэдээллийн орчуулгын өнөөгийн нөхцөл байдал, орчуулагчдын ур чадвар, ёс зүй, гүйцэтгэлийн чанар, хиймэл оюун ухааны орчуулга, цаашдын чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг гадаад хэлний сонин, сэтгүүлийн товчоон, түүхэнд үзүүлж ирсэн ач холбогдол, орчуулагчдын үүрэг оролцоо өндөр байсныг дурдаад, хиймэл оюун ухаан хүч түрэн хөгжиж буй энэ цаг үед орчуулагч хэлмэрч нар үндэснийхээ эх хэл, бичгийг хадгалж хамгаалахыг уриаллаа.
Чуулганаар "Уран зохиолын орчуулгын тулгамдсан асуудал", "Орчуулагч, хэлмэрчийн мэргэжлийн ур чадвар, "Орчуулгын чанар стандарт, холбоо товчоод", "Орчуулгын сургалт, нэр томьёо", "Хиймэл оюун, цахим орчуулга", "Тогтвортой хөгжил, гадаад харилцаа: Хам цагийн хэлмэрч, орчуулагчдын ёс зүйн хэм хэмжээ" зэрэг илтгэлийг хэлэлцүүлэв. Тус чуулганы өмнө урьдчилсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан ба өнөөдрийн чуулганаас зөвлөмж гаргав.