ДОРНОГОВЬ: Анхны цас Айраг суманд орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг суманд энэ жилийн анхны цас орлоо.
Аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээс үзэхэд, өчигдрөөс эхлэн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, явган шуурга шуурах төдийгүй нийт нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг онцгойлон анхаарууллаа.
Нутгийн иргэдийн ярьж буйгаар Айраг суманд одоо ч гэсэн цас орж байгаа бөгөөд
зарим газраа 10-15 см хэмжээтэй хунгарласан байгаа аж. Одоогоор
Сайншанд хотод үүлтэй, Айраг, Эрдэнэ суманд цас орж байгаа бол Алтанширээ, Замын-Үүд,
Улаанбадрах, Хөвсгөл, Өргөн суманд аадар бороотой, Иххэт суманд манан будантай
байгаа талаар аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээлэлд
дурджээ.