NBA-гийн домог Мутомбо таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-10-01 09:44:35

ВАШИНГТОН, 2024 оны 10 дугаар сарын 1 /ТАСС/. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Алдрын танхимын гишүүн Дикембе Мутомбо 58 насандаа таалал төгссөн тухай тус холбооны хэвлэл алба мэдээллээ.


Тэрбээр тархины хорт хавдрын улмаас нас баржээ.


“Сагсан бөмбөгийн талбай дээр тэрбээр NBA-гийн түүхэн дэх хамгийн агуу хамгаалагчдын нэг байсан. Мутомбо бол бусдад туслахын төлөө бүх зүрх сэтгэлээ зориулсан хүн юм. Дикембегийн сэтгэлийн их хүч нь түүний тусыг авч байсан хүмүүс, түүний урамшуулан зоригжуулж байсан хүмүүсийн сэтгэл зүрхэнд оршсоор байна. NBA-гийн гэр бүлийн нэрийн өмнөөс Дикембегийн гэргий Роуз, түүний үр хүүхдүүд, найз нөхөд, сагсан бөмбөгийн хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье” гэж NBA-гийн комиссар Адам Сильвер хэлснийг лигийн хэвлэлийн алба дамжууллаа.


Мутомбо Үндэсний сагсан бөмбөгийн лигт төвийн тоглогчоор 18 улирал тоглож, 3289 удаа блок-шот хийснээр лигийн түүхэн дэх хоёр дахь өндөр амжилтыг үзүүлж, 2009 онд мэргэжлийн тамирчны замналаа дуусгасан юм. "Денвер Наггетс", "Атланта Хоукс", "Филадельфи Севенти Сиксерз", "Нью-Жерси Нетс", "Нью-Йорк Никс", "Хьюстон Рокетс" багуудад тоглож байсан тэрбээр  1995, 1997, 1998, 2001 онуудад дөрвөн удаа NBA-гийн шилдэг хамгаалагчаар шалгарч, Бүх оддын шигшээ багийн бүрэлдэхүүнд гурван удаа багтаж байв.   


Тэрбээр 1997 онд төрөлх орон болох БНАКонго улсад иргэдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор тусгай сан байгуулж, нийслэл Киншаса хотод эмнэлэг байгуулж, буяны олон үйл ажиллагааг зохион байгуулж байв. 

Холбоотой мэдээ