ЗАВХАН: Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-01 16:07:45

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймагт аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хороодод 146 төрийн албан хаагч, хэсгийн хороодод 893 төрийн албан хаагч томилогдон ажиллаж байна.

Орон нутгийн сонгуулийн үеэр хэрхэн ажиллах болон сонгогчид юунд анхаарах талаар Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Сонгуулийн хорооны дарга Т.Рэнчинванжилтай ярилцлаа.


-Завхан аймгийн болон сум, хэсгийн сонгуулийн хороог хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд “аймаг, нийслэлийн хурал санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн Сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу Завхан аймгийн Сонгуулийн хороо байгуулсан.

Орон нутгийн ээлжит сонгуулийг Завхан аймагт зохион байгуулахад аймаг, сумын Сонгуулийн хороо, хэсгийн хороо, мэдээлэл технологийн баг, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид гээд нийт 1500 орчим төрийн албан хаагч ажиллана.


“Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу сумдын хороонд 146 төрийн албан хаагч, мөн тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу 115 хэсгийн хороог сумдын сонгуулийн хороо байгуулж, хэсгийн хороодод 893 төрийн албан хаагч томилогдон ажиллаж байна.


Шат шатны сонгуулийн хороонд томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж болон Монгол Улсын Их Хурлын 2008 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм”-ийг чанд мөрдөж ажиллах үүргийг хүлээнэ.


Сонгуулийн тухай хууль тогтоомж болон энэхүү ёс зүйн дүрмийг зөрчсөн Төрийн албан хаагчдад хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай бөгөөд аймгийн Сонгуулийн хорооны гишүүд хариуцсан сумдад ажиллаж, сургалт зохион байгуулахдаа шат шатны Сонгуулийн хороонд томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчдад анхааруулж хэлсэн байгаа.


-Энэ жилийн орон нутгийн сонгуулийн онцлог зохицуулалт юу вэ?

-Аймгийн Сонгуулийн хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт ханган ажиллаж байна.


Завхан аймаг нь 35 мандаттай бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын намаас 35, Ардчилсан намаас 35, ХҮН намаас 2, бие даан 3 нэр дэвшигч өрсөлдөхөөр аймгийн Сонгуулийн хороонд холбогдох баримт бичгээ хуулийн дагуу тогтоосон хугацаанд ирүүлснийг аймгийн Сонгуулийн хороо хянан үзэж, бүртгэх шийдвэр гаргасан.


Аймгийн хэмжээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 887 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд үүнээс Монгол ардын нам болон Ардчилсан намаас 879, бие даан 8 нэр дэвшигч байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдэд аймаг, сумын Сонгуулийн хороо 9 дүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд байна.

Энэ удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль 10 дугаар сарын 11-нд болох бөгөөд шат шатны сонгуулийн хороод хуулийн дагуу бэлтгэл, зохион байгуулалтаа ханган ажиллаж байна.  


-Орон нутгийн Хурлын сонгуулийн дүн гаргах, мэдээлэх ажлыг яаж хийх вэ?

-Тухайн шатны сонгуулийн хороо санал хураалтын дүнг үндэслэн тойрог бүрд нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргах бөгөөд хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцохоор хуульчилсан.

Тухайн шатны сонгуулийн хороо тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох  тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 7 хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээр хуульчлагдсан болно.


Санал авах ажиллагаа дууссаны дараа нийт хэсгийн хороодын 50 хувьд хяналтын тооллого хийгдэх бөгөөд Хяналтын тооллого хийх үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулж, нам, эвсэл, нэр дэвшигчийн ажиглагчид, хэвлэл мэдээллийг төлөөллийг оролцуулж, хяналтын камерт тасралтгүй буулгаж, тооллогын үйл ажиллагааг зохион байгуулахаар зохицуулагдсан байгаа. Санал хураалт дуусмагц санамсаргүй сонголтын аргаар сонгоно.


-Сонгуулийн сурталчилгаатай холбоотой хуулийн ямар зохицуулалт байгаа вэ?

-Сонгуулийн сурталчилгааг нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд хийхийг хориглох бөгөөд төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болохоор хуульчилсан.

Мөн нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагад аймаг, дүүрэгт 50 хүртэл ажилтантай, сум хороонд 20 хүртэл ажилтантай байж болно. 

Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон 1 менежер, баг тус бүрд 1, аймгийн төвийн баг тус  бүрд 2 шадар туслагч, 200 хүртэлх сонгогч тутамд 1  ухуулагчтай байж болно гэж хуульд заасан. Дээрх ажилтнуудын үнэмлэх болон сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийг www.election.mn цахим системд бүртгэн, аймаг, сумын сонгуулийн хороо баталгаажуулах ажлыг хийж байна.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч нар 10 дугаар сарын 07-ыг дуустал, ажиглагч 10 дугаар сарын 09-ийг дуустал хугацаанд бүртгүүлж, үнэмлэх авах боломжтой.  

Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь нэг хэсэгт 2-оос илүүгүй тээврийн хэрэгсэл ашиглаж болох бөгөөд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тухайн шатны сонгуулийн  хороонд бүртгүүлэн, таних тэмдгийг авч ил харагдахуйц байрлуулах ёстой юм.


-Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Сонгогчдод боловсрол олгох чиглэлээр шат шатны сонгуулийн хороод тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал “Сонгогчийн өдөрлөг-2024”-ийг Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул суманд зохион байгууллаа. Түүнчлэн “Сонгогчийн цахим хөтөч” болон аймгийн сонгуулийн хорооноос сонгогчдын боловсролд зориулсан гарын авлага гаргаж, сумдад хүргүүлсэн бөгөөд сонгогчдод зориулсан мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд, аймгийн Сонгуулийн хорооны цахим хуудсаар дамжуулан хүргэж байна. 


-Сонгогчдын  нэрийн жагсаалтаас юу мэдэж болох вэ?

-Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг шийдвэрлэх ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах бөгөөд сонгогч нь Сонгогчийн нэрсийн жагсаалтыг бүртгэлийн байгууллагын сайтад байршуулсан өдрөөс эхлэн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцана.

Хэсгийн хороонд Сонгогчийн нэрийн жагсаалт хүргүүлсэн өдрөөс эхлэн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцана. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.


Иймд сонгогчид маань нэрийн жагсаалт дахь мэдээллээ шалгаж, зөрүүтэй байвал Улсын бүртгэлийн хэлтэст хандах нь зүйтэй. Мөн цахимаар www.election.burtgel.gov.mn цахим мэдээллийн санд регистрийн дугаар, оршин суугаа хаягаа сонгож шалгах боломжтой юм. 


Мөн иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой нэг зүйлийг нэмж хэлэхэд Засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин  суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн  өмнө зогсоож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрээр санал авах өдрийн маргааш өдөр сэргээнэ. Нэмэлт болон дахин санал хураалт явагдах бол уг санал хураалт  дуустал үргэлжлүүлэхээр хуульчлагдсан.


-Зөөврийн хайрцгаар хэрхэн саналаа өгөх вэ?

-Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 09:00-20:00 цагт зохион байгуулна. Өөрийн байнга оршин суугаа нутаг дэвсгэрт байгаа эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч, зөрчлийн улмаас саатуулагдсан, баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр хуульд заасан байдаг. 


-Аймгийн Сонгуулийн хорооноос нэр дэвшигчид болон сонгогчдод хандаж хэлэх зүйл байна уу?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид болон сонгогчдод анхаарах асуудлуудыг хуульчилж өгсөн. Тухайлбал сонгуулийн сурталчилгаанд хориглох зүйлс,  үйлдэл, үйл ажиллагаа гээд. Тухайлбал сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний  менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа  хийх.

Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр  аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан  гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглосон гээд хэд хэдэн заалтууд бий. Эдгээр заалтуудыг зөрчсөн тохиолдолд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Эрүүгийн тухай хууль” болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай.


-Тэгвэл сонгогчдод хориглох зүйл бий юу?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд сонгогчдод хориглох асуудлуудыг мөн хуульчилж өгсөн байгаа.

Тухайлбал тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг  баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох. Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл  санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас  авч гарахыг хориглосон.

Мөн саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан  зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах.


Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал  тэмдэглэхийг хориглоно.

Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах. Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх аливаа тэмдэг, тэмдэглэгээ хийх. Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв  ажиллах зэрэг үйл ажиллагааг тус тус хуулиар хориглосон байдаг.

-Танд баярлалаа.


Холбоотой мэдээ