“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяныг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-02 12:04:01

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяныг нийслэлийн Налайх дүүрэгт эхлүүллээ.


Энэ жилийн аяныг “Зорилготой хуримтлуулъя” уриан дор аравдугаар сарын нэгнээс орон даяар нэг сарын хугацаанд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон үйл ажиллагааг өрнүүлэх юм. Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэж эхэлснээс хойших 100 дахь жилийн ой энэ онд давхцаж байгаагийн дээр Улаанбаатар хотын алслагдмал дүүрэгт анх удаагаа хийж байгаагаараа онцлог аж.


Аяны нээлтэд Шадар сайдын зөвлөх С.Энхцэцэг, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Хадгаламжийн даатгалын корпорацын Захиргаа, удирдлагын газрын захирал Х.Гэрэлт-Од, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь төлөөлөгч Маркус Лох, ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч үг хэлэхдээ хуримтлалын ач холбогдлыг таниулж, хүүхдүүдэд хадгаламжийн эрхийн бичиг гардуулав


Хуримтлалыг хэвшил болгох, улмаар хуримтлалын ач холбогдлыг хүүхэд, залууст ойлгуулахыг зорьдог тус аяныг арилжааны банкууд 2012 оноос хэрэгжүүлж эхлэн, 2017 оноос Монголбанк төрийн болон ТББ-уудтай хамтран нэгдсэн байдлаар жил бүр зохион байгуулдаг аж. 

Холбоотой мэдээ