АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-10-02 15:16:43

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 2 /CNN/. АНУ-ын дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Тим Уолз, Ж.Д.Вэнс нар ирэх 11 дүгээр сард болох сонгуулийн өмнөх анхны бөгөөд цорын ганц удаагийн мэтгэлцээнийг орон нутгийн цагаар мягмар гаргийн орой хийлээ. Мэтгэлцээнийг CBS телевиз Нью-Йорк хотноо зохион байгуулсан юм.


Нэр дэвшигчид америкчууд яагаад өөрсдийнх нь төлөө саналаа өгөх ёстой талаар тайлбарлажээ. Т.Уолз өөртэй нь хамт нэр дэвшиж буй дэд Ерөнхийлөгч Камала Харрисын дэвшүүлсэн саналуудыг онцолж байсан бол Ж.Д.Вэнс Ерөнхийлөгч асан Дональд Трампыг үндсэн гол асуудлуудыг шийдвэрлэх хамгийн сайн сонголт гэж тодорхойлсон байна. Мэтгэлцээний үеэр нэр дэвшигчдийн хэлсэн онцлох үг өгүүлбэрүүдийг та бүхэнд хүргэе.


Ойрх Дорнод: АНУ Ойрх Дорнод дахь оролцоогоо үргэлжлүүлэх хэрэгтэй гэж Т.Уолз хэлжээ. Харин Ж.Д.Вэнсийн хувьд, мягмар гарагт Иранаас Израил руу пуужин харвасны дараа Израилын тал Иранд өрссөн цохилт өгөхийг хүсвэл шийдвэр тус улсаас хамаарах болно гэж хэлсэн байна.


Уур амьсгалын өөрчлөлт: Ж.Д.Вэнс Хелен хар салхины үр дагаврыг “итгэмээргүй, үгээр илэрхийлэхийн аргагүй ​​эмгэнэлт явдал” гэж тодорхойлсон боловч уур амьсгалын өөрчлөлт үүнд хэрхэн нөлөөлсөн талаарх асуултад шууд хариулсангүй. Харин Т.Уолз уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр К.Харрисын гаргасан ахиц дэвшлүүдийг онцолж, уг асуудлыг үл тоомсорлож буй Д.Трампын хэлсэн үгийг буруушаажээ.


Цагаачлал: Т.Уолз Д.Трампын цагаачлалын бодлогыг шүүмжилж, Ерөнхийлөгч асан Сенатад хилийн гэрээг батлахад саад учруулсныг дурдсан байна. Ж.Д.Вэнсийн хувьд К.Харрис болон Ж.Байдены засаг захиргаа хилийн асуудлыг хэрхэн зохицуулж байгааг шүүмжилж байсан боловч Америкийн хил дээр хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлах бодлогыг дэмжих эсэх талаарх асуултад хариулсангүй.


Эдийн засаг: Д.Трампын эдийн засгийн төлөвлөгөө түүнийг албан тушаалдаа орсон эхний өдөр амьжиргааны өртгийн хямралыг шийдвэрлэнэ гэж Ж.Д.Вэнс мэдэгджээ. Д.Трамп өндөр татвар ногдуулж, олон сая бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргахаа амлаж байгаа юм. Харин Т.Уолз К.Харрисын дэвшүүлсэн орон сууцыг хямдруулах, татварыг бууруулах төлөвлөгөөг онцлоод, хамтрагч нь дундаж давхаргынханд итгэдэг хэмээн хэлжээ.


Холбоотой мэдээ