ХӨВСГӨЛ: "Цаатан соёл" төслийн хүрээнд музейн үзмэрт шинээр дэглэлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-03 10:42:01

Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд Соёлын яамны санхүүжилтээр  үндэсний цөөнхийн төлөөлөл болох тува угсаатны эх хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг сэргээн сануулж хоногшуулах зорилготой “Цаатан соёл” төсөл хэрэгжиж дууслаа.


Төслийн хүрээнд үндэсний цөөнх болох тува угсаатны эх хэлний хэрэглээний өнөөгийн байдлын судалгааг 186 тува иргэнээс авч судалгааны өгөгдлийг анкетын аргаар цуглуулан, SPSS23 программ дээр боловсруулж үр дүнг нэгтгэн гаргасан байна.


Монгол-тува, тува-монгол хэлээр ярианы дэвтэр бэлтгэн гаргажээ. Тува хэлэнд хөрвүүлэх ажлыг Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, тува хэлний багш, судлаач Ч.Оюунбадам хийсэн байна.


Энэхүү ярианы толины гол онцлог нь цаатан ардын ахуй амьдрал, цааны аж ахуйтай холбогдох нэр томьёог, байгалийн онцлог, бөө мөргөл, шүтлэгийн зан үйлтэй холбоотой үг, өгүүлбэрүүдийг тусгаж өгснөөрөө онцлог болжээ.


Мөн Цагааннуур сумын Соёлын төвийн дэргэдэх Орон нутаг судлах музейн үзмэрүүдээс тува, цаатан иргэдийн соёл, аж ахуйтай холбогдох үзмэрүүдийг сонгон авч цаатан амьдрал, тайгын орчныг бүрдүүлсэн шинэчилсэн дэглэлтийг бүрэн хийж тохижуулжээ.

 




 

Холбоотой мэдээ