Умардын дүрвэгч автобус хулгайлан нутаг буцахыг оролджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ, 2024 оны аравдугаар сарын 3 /BBC/. Автобус хулгайлан Умард Солонгос руу буцахыг оролдсон дүрвэгчийг Өмнөд Солонгосын цагдаа нар саатуулжээ.
Уг эрэгтэйг хоёр Солонгосыг тусгаарладаг Нэгдлийн гүүрэн дээр саатуулсан байна. Тэрбээр гүүрийг хамгаалж байсан цэргүүдийн зогс гэсэн шаардлагыг үл тоомсорлож, гүүрний хаалтыг мөргөжээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, 30 орчим насны энэ эрэгтэй Өмнөдөд бэрхшээлтэй тулгарсан учраас гэртээ харихыг хүсэж байгаагаа цагдаад тайлбарласан байна. Тэрбээр 10 жилийн өмнө Умард Солонгосоос дүрвэн иржээ.
Уг эрэгтэй орон нутгийн цагаар мягмар гаргийн 01:00 цагт хойд нутгийн Пажу хотын гаражаас автобус хулгайлсан бөгөөд хагас цагийн дараа баригдсан байна. Баривчлагдах үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй байжээ.
“The Dong-A Ilbo” сонинд мэдээлснээр, Пажуд болон өөр хотуудад цагийн ажил хийж байсан уг эрэгтэй төлөх ёстой торгуулиуд нь бөөгнөрөн хуримтлагдсан гэж цагдаад хэлсэн байна.
Солонгос үндэстэн хоёр хуваагдсанаас хойш 70 гаруй жилийн хугацаанд 34 мянга орчим хүн Умардаас Өмнөд рүү дүрвэжээ. Харин Умардын дүрвэгчид нутаг буцах нь ховор тохиолдол юм.
Өмнөд Солонгосын тал жил бүр Умардын мянга гаруй дүрвэгчийг хүлээн авдаг. Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдээллээр, 2012-2022 онд 31 дүрвэгч Умард Солонгос руу буцжээ.