Мөөгний салбарынхантай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-04 09:27:22

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хүнсний нэг чухал салбар болох мөөг үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж, санамж бичиг байгуулахаар боллоо. 


Уулзалтын үеэр мөөгний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх үндэслэл боловсруулах, байгалийн мөөгийг зөв таньж, зохистой хэрэглэх соёлыг хэвшүүлэх, шинжлэх ухааны үндэслэлийг олон нийтэд таниулах, салбарын боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын материаллаг бааз, лабораторийг бэхжүүлэх, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх аргаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнд мөөгний салбарын оролцоог нэмж, мөөгийг шинжлэх ухааны үндэстэй тарьж, ургуулах боломж бүрдүүлэх зэрэг мөөгний салбарын баримтлах бодлого санаачилгыг ярилцжээ. Мөөгний үйлдвэрлэл нь ХАА-н хаягдал бүтээгдэхүүнийг (сүрэл, модны үртэс, адууны хомоол, кофены шаар зэрэг) компост-хөрс болгон ашигладаг, хаягдалгүй технологитой үйлдвэрлэл гэдгийг тэд онцолж байлаа.


Түүнчлэн, мөөгний салбарын мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг нэмэх, давтан сургах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, их дээд сургуульд мөөг судлалын хичээлийн хөтөлбөр нэмж оруулах талаар зөвлөлдсөн юм. Мөн, мөөгний эх омгийн лаборатори болон мөөгний жишиг үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Энэ нь монголд нутагшсан таримал мөөгний мицелийн эх омгийг хадгалж, хамгаалах, байгалийн мөөгөөс эмийн болон хүнсний хангамжийг сайжруулахад чиглэсэн шинэ төрөл зүйлийн мөөгийг нутагшуулан тарималжуулах зорилготой. Монголд ургадаг мөөгний химийн найрлага, биологийн идэвхт нэгдлийг судалж, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулж, мөөгний мицель үйлдвэрлэх нь нийгэм эдийн засгийн ач холбогдолтой.


Монголд үйлдвэрлэсэн мөөгийг хүнсний жагсаалтад шинэ таримлаар нэмж оруулах, мөөгний үрийн материалыг мөөгний мицел (таримал мөөгний цэвэр өсгөвөр) хэмээн нэрлэх, ЖДҮ үйлчилгээ эрхлэгч нь мөөгний кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд мөөгний үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан төмс, хүнсний ногоо, нарийн ногоо, газар тариалангийн үйлдвэрлэлээс тусад нь авч үзэх, мөөг үйлдвэрлэгчдэд тулгарч буй татвар, хөрөнгө оруулалт, зээлийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Ийнхүү мөөгний үйлдвэрлэлийг дэмжсэнээр хүнсний мөөг, мөөгөн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах бүрэн боломжтойг ХХААХҮЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ