Нийслэлийн хэмжээнд ирц 19 цагийн байдлаар 38.7 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-11 19:40:52

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нийслэлийн сонгуулийн хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцыг 19 цагийн байдлаар мэдээллээ.


Нийслэлийн хэмжээнд 1.4 сая сонгогч бүртгэлтэйгээс 389.169 сонгогч санал өгч, ирц 38.7 хувьтай гарчээ. Дүүргүүдээс Багахангай дүүргийн ирц хамгийн өндөр буюу 69.3 хувь, Багануур дүүрэг 47.5 хувь, Налайх дүүрэг 47.1 хувь, Сүхбаатар дүүрэг 40.9 хувь, Баянгол дүүрэг 39.4 хувь, Хан-Уул дүүрэг 38.8 хувь, Сонгинохайрхан дүүрэг 37.5 хувь, Баянзүрх дүүрэг 37.3 хувь, Чингэлтэй дүүрэг 37.1 хувьтай саналаа өгсөн байна.


Хороодоос Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо хамгийн өндөр ирцтэйгээр тэргүүлж яваа бол тус дүүргийн 11 дүгээр хороо хамгийн бага ирцтэйд орж байна. Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулиар ирц мөн цагт 41 хувьтай байсан аж. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулийн ирц өмнөхөөсөө буурсан үзүүлэлттэй байгаа юм. Иймд Нийслэлийн сонгуулийн хорооноос үлдэж буй хугацаанд иргэд саналаа идэвхтэй өгөхийг уриалав.


Холбоотой мэдээ