Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Туркменистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов “Огузхан”-ы нэрэмжит Ерөнхийлөгчийн ордны өмнө албан ёсоор угтан авлаа.
“Огузхан”-ы нэрэмжит Ерөнхийлөгчийн ордны өмнөх талбайд хоёр
улсын төрийн далбааг мандуулж, Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн Төрийн хүндэт
харуул жагсав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов хүндэт индэрт урьсны дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хүндэт харуулын дарга угтан мэндчилсний дараа Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар дурсгалын гэрэл зураг татууллаа.
Мөн өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсоныхоо дараа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд товч мэдээлэл хийнэ.
“Огузхан”-ы нэрэмжит Туркменистаны Ерөнхийлөгчийн ордныг 7.5
га газарт 2011 онд барьж байгуулсан бөгөөд ордны нийт талбай 16 мянган м.кв, дотор заслыг гантиг чулуу болон ховор төрлийн модоор хийжээ.