Харааны бэрхшээлтэй иргэд дуу хоолойгоо хүргэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-14 12:50:58

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Маргааш - Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах Дэлхийн цагаан таягтны өдөр.


Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос тус өдрийг угтан нийтийн тээвэр, дэд бүтцийн хүртээмж болон харааны бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийн талаар мэдээлсэн юм.


Манай улсад автобус тэр бүр буудал дээрээ зогсдоггүй, автобусны номер, чиглэлийг гадагшаа зарлаж, мэдээлдэггүй нь харааны бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр үйлчлүүлэхэд маш хэцүү. Явган хүний зам дагуух гэрлийн шон, модны мөчир, рекламны самбар, скүүтер зэрэг нь харааны бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд ороход том саад болдог. Энэ талаар зохих байгууллагад удаа дараа мэдэгдсэн ч тодорхой үр дүнд хүрээгүйг МХҮХ-ны Ерөнхийлөгч Б.Ганзориг онцлов.


Түүнчлэн, МХҮХ нь харааны бэршхээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэнээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиас эхлэн УИХ, орон нутгийн удаа дараагийн сонгуульд харааны бэрхшээлтэй иргэд бие даан, хараат бусаар саналаа өгөхөд зориулсан брайль тэмдэглэгээ бүхий хавтас, тэдэнд зориулсан сонгуулийн хууль тогтоомжийг сурталчилсан гарын авлагыг хэвлэн, сонгуулийн санал хураах байранд байршуулж ирсэн. Гэвч харааны бэрхшээлтэй иргэд УИХ-ын болон орон нутгийн энэ оны сонгуулийн үеэр сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадаагүй байна. Учир нь тэдэнд зориулсан брайль тэмдэглэгээ бүхий санал өгөх хавтас нь зарим санал хураах байранд байхгүй, брайль тэмдэглэгээ байхгүй, нэр дэвшигчийн нэрийн өмнө дэс тоо, зууван дугуйг нүхлээгүй, брайль бичиг мэт харагдах ойлгомжгүй цэгүүд байршуулсан зэрэг олон гомдол ирсээр байгааг тус холбооныхон мэдээллээ.  


Манай улсад харааны бэрхшээлтэй 12 600 иргэн байдгаас 4000 орчим нь нийслэлд оршин суудаг судалгаа байдаг аж. 

Холбоотой мэдээ