Стандарт: Хиймэл оюун ухаанаар дэмжсэн уян хатан дэд бүтэц бий болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-10-14 18:02:19

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дэлхийн стандартын өдрийг олон улсад энэ жил Тогтвортой хөгжлийн 9 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр “Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриан дор тэмдэглэж байна.

Тодруулбал, хиймэл оюун ухааны эрин үеийн үйлдвэрлэл, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгох уриан дор тэмдэглэж буй юм.




Энэ өдөрт зориулж Стандарт хэмжилзүйн газраас МҮХАҮТ, Европын холбооны "Свич Ази" хөтөлбөрийн санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” болон Европын холбооны Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх төсөлтэй хамтарсан хурал зохион байгууллаа. Энэ үеэр Олон улсын стандартын байгууллагын Ази номхон далайн бүсийг хариуцсан зохицуулагч Стевен Лүис онлайнаар мэндчилгээ дэвшүүлсэн юм


Монгол Улс 1979 онд Олон улсын стандартчилалын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш Дэлхийн стандартын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэдэг уламжлалтай болсон юм.





Хурлын эхэнд Стандарт хэмжилзүйн газрын дарга С.Батбаатар, "Стандарт хэмжилзүйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, дэлхийн иргэд болон бизнес эрхлэгч нар стандарт гэдэг ганцхан хэлээр ярьж, ойлголцож байна. Хиймэл оюун ухаанаар дэмжсэн уян хатан дэд бүтэц, тогтвортой хөгжилд хамгийн сүүлийн үеийн инновацыг хөхиүлэн дэмжсэнээр одоогийн болон ирээдүй хойч үеийн эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирэх илүү сайхан дэлхийг хамтдаа бүтээж чадна гэдгээ дэлхий нийт илэрхийлж байна.


Цаашид хиймэл оюун ухааныг хэрэглэхтэй холбоотойгоор Монгол Улсад Олон улсын стандартын байгууллага, Олон улсын Цахилгаан техникийн хорооноос хамтран мэдээллийн технологийн салбарт батлан гаргасан 70 гаруй стандартад суурилсан үндэсний стандартыг батлан гаргах шаардлагатай байна гэдгийг онцоллоо. 

Холбоотой мэдээ