ХОВД: Гэр урлаач Д.Пүрэвцэдэв зургаан хүнийг ажлын байраар хангадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-15 13:53:55

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл нь соёлын өвийн салшгүй нэг хэсэг юм.

Өдгөө Ховд аймагт гэр урлаачид цөөн бий. Энэ удаа олон угсаатны язгуур гэрийг урлаач, өвлөн уламжлагч Д.Пүрэвцэдэвийг онцолж байна.

Түүний өвөө, аав нь уран дархан байжээ. Д.Пүрэвцэдэв гуай тэдний ажлыг уламжилж, 2015 онд нөхөрлөл байгуулснаар бүх төрлийн гэр, гэрийн иж бүрдэл захиалгаар хийж байна. 

Гэр бол хүн амьдрахад тохь тухтай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр бүтдэг эко сууц бөгөөд олон давуу тал, бэлгэдлийг өөртөө агуулж байдаг.


Д.Пүрэвцэдэв гуай гэрийн тооно, унь, хана, хаалга, багана зэргийг хийхдээ нарс, хуш, бургас мод ашигладаг бөгөөд гэрийг урлахдаа олон жилийн эдэлгээ, нүүдэл, тээвэрлэлтийн ая даах бат бөх чанарт онцгой анхаарч, хэрэглэгч, захиалагчийн сэтгэл ханамжийг чухалчилдаг хэмээн ярилаа. 


Мөн тэрбээр хашаандаа ажлын байр бий болгосноор одоо зургаан ажилтантай болжээ. Тэд гэрийн мод хийхээс гадна оосор, бүс зэргийг уламжлалт гар аргаар хийж, иж бүрэн гэрийг хэрэглэгчдэд нийлүүлж байна.    


Тэдний ажилд цаг хугацаа маш чухал. 
Жишээ нь, тусгай багажаар бургас модыг хатааж, бэлтгэхэд хоёр жил, хуш модыг бэлтгэхэд нэг жилийн хугацаа зарцуулдаг ба энэ нь бат бөх чанарыг нэмэгдүүлдэг.


Гэрийг хэрэгцээ шаардлагаас нь хамаарч дөрвөн ханатай жижиг гэрээс эхлээд зургаа, найм, арван ханатай, энгийн ба сийлбэртэй гэх мэт олон төрлийн хийц, хэлбэрээр урлана. Нэг гэр хэмжээ, хийцээс шалтгаалан 4 сая 500 мянгаас 30 сая хүртэлх төгрөгөөр бүтдэг гэж гэр урлаач Д.Пүрэвцэдэв хэллээ. 


Онцлоход, гэр нь ашиглаж буй мод, хэмжээ, хээ чимэглэл зэргээр ялгаатай. 

Холбоотой мэдээ