ЗАВХАН: Хүүхдүүдэд стандартын талаарх мэдлэг, ойлголтыг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-15 16:19:23

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймагт дэлхийн стандартын өдөр ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн хүүхдүүдэд стандартыг таниулжээ.


Улиастай сумын Дэвшил сургуулийн 12-р ангийн 30 гаруй сурагч стандартын байгууллагын үйл ажиллагаа болон сорилтын лаборатори, хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг танилцуулж, стандартын талаарх мэдлэг ойлголтыг өглөө.


Стандарт бидний амьдралд ямар чухал болох, стандартгүй бол ямар үйл явц өрнөдөг. Стандартгүй бол үйлдвэрлэл, худалдаанд эмх замбараагүй олон, өөр өөр шаардлагууд бий болно.


Нэгдмэл байдал, аюулгүй байдал зэрэг асуудлыг шийдвэрлэхэд маш төвөгтэй болно. Энэ олон эмх замбараагүй шаардлагуудыг цэгцэлж, стандартын баримт бичиг болгон батлуулж, мөрдсөнөөр үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаан дахь саад тотгор багасна. Стандарт байж бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, бүтээмжийн чанар, технологиудын харилцан уялдааг хангаж, хэрэглэгчийг хамгийн сайн, боломжтой шийдлийг харьцуулж сонголт хийхэд тусалдаг.


Түүнчлэн стандарт нь бүтээгдэхүүн үйлчилгээний арвин их сонголт хийх үүд хаалгыг нээж, өрсөлдөөн өрнүүлж инновацыг дэмжихэд тусалдаг.


Иймээс аливаа бизнесийн санаагаа хэрэгжүүлэхийн өмнө холбогдох стандартыг судлах нь учирч болох олон эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой гэхчлэн стандартуудын талаарх ололт, хэрэгцээ шаардлагуудын талаар хүүхдүүдэд мэдлэг ойлголтыг өглөө.


Стандарт нь тогтвортой хөгжлийн гурван чиглэл болох байгаль орчин, эдийн засаг, нийгмийг шийдлүүдээр хангаж байна.


Өөрөөр хэлбэл  Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд бүх төрлийн нөөцийг зохистой зарцуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, нэгдмэл байдлыг бий болгох арга зүйгээр хангагч хэрэгсэл болж, стандарт тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Стандарт бидний өдөр тутмын хэрэглээний энгийн бүтээгдэхүүнээс эхлээд эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал, удирдлагын тогтолцоо, нийгмийн хариуцлага гээд маш өргөн хүрээг хамарч байдаг. Тухайлбал стандарт нийгэмд гэхэд удирдлагын тогтолцоны стандартууд болох ISO9001, ISO 22000, ISO14001, ISO27001, ISO39001, ISO50001 зэрэг стандартууд нь нийгэмд бүх салбарт хэрэгжиж байна. 


Монгол Улс нь 1979 онд Олон улсын стандартчилалын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш Дэлхийн стандартын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн стандартын өдрийг тогтвортой хөгжлийн есдүгээр зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр “ИЛҮҮ САЙХАН ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ХАМТЫН ЗОРИЛГО” уриатайгаар тэмдэглэж байна.


Тогтвортой хөгжлийн 9-р зорилт нь “ИННОВАЦ БОЛОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ” юм. Өөрөөр хэлбэл уян хатан дэд бүтцийг байгуулж, хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэржилтийг дэмжиж, инновацыг хөгжүүлэх. Хүн бүрд тэгш, хүртээмжтэй байх талыг голлон анхаарч эдийн засгийн хөгжил, хүний сайн сайхан аж байдлыг дэмжих чанартай, найдвартай, тогтвортой, уян хатан дэд бүтэц, түүний бүсийн болон хил дамнасан дэд бүтцийг хөгжүүлэх. Гэхчлэн Зорилт 9-ийн хүрээнд таван зорилгыг дэлхий нийтээрээ хэрэгжүүлэхийн төлөө үүрэг амлалт авсан юм. Ер нь стандартгүй юм гэж үгүй хэмээн Завхан аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв. 


Хүүхдүүд лабораторын үйл ажиллагаатай танилцаж байна


Дурангаар бактеруудыг хэрхэн ялгаж харахыг үзэж байна

Холбоотой мэдээ