ӨМНӨГОВЬ: Н.Цэцэгээ: Зоосон ширээний сүлжмэлийг урлахад сэтгэл зүйн бясалгал болдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны аравдугаар
сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол үндэстний ур ухаан, оюуны чадамжийн илэрхийлэл болсон гар урлалын онцгой нэгэн төрөл бол зоосон ширээний урлал юм. Цаг
хугацааны явцад мартагтан бүдгэрсээр байгаа өв соёлоо түгээн дэлгэрүүлж,
хайрлан хамгаалах зорилгоор МОНЦАМЭ агентлаг биет болон биет бус соёлын өв
тээгчдийг урьж оролцуулдаг билээ. Энэ удаагийн зочноор Өмнөговь аймгийн
Ханхонгор сумын урлаач, уран хатгамалч, зоосон ширээний сүлжмэлийг түгээн
дэлгэрүүлж буй Нордовын Цэцэгээтэй ярилцлаа.
-Говь нутгийн үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж өвлөн тээгчтэй
ярилцаж байгаадаа баяртай байна?
-Баярлалаа. Намайг Цэцэгээ гэдэг. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат зоосон ширээ урладаг.
-Өмнөговь аймгаас үүсэн хөгжсөн зоосон ширээний
урлалын талаар яриагаа эхэлье?
-Зоосон ширээ гэдэг манай говь нутгийн урчуудын хамгийн нандин хүндтэй хэрэгсэл байсан. Харамсалтай нь энэ урлал нэг хэсэг мартагтаж устах шахуу болж байлаа. Харин энэ өв соёлоо бид дахин сэргээж сүүлийн арав гаруй жилд хөгжүүлж ирлээ. Өмнөговь аймагт залуу урчууд их олноор гарч ирсэн. Энэ явдалд их баяртай байгаа. Залуучууд маань бүгд зоосон ширээгээр сүлжиж бүтээл хийдэг болсон. Өмнөговь аймаг анхнаасаа зоосон ширээ урлалаараа тэргүүлдэг. Богд хааны музейд хадгалагдаж байгаа зоосон ширээ миний хэрэглэж байгаа энэ зоосон ширээтэй яг ижил нь хадгалагдаж байгаа. Учир нь миний хадам ах Баярсайхан тэр ширээний яг ижлийг надад урлаж өгсөн юм.
-Энэ зоосон
ширээг та хэдэн жил хэрэглэж байна вэ?
-Энэ ширээ надад 1980 оноос хойш
хадгалагдаж байгаа. Өөрөө энэ ширээгээрээ урлалаа хийгээд хүүхдүүддээ зааж өгсөөр
ирсэн. Тэгэхээр надад 44 дэх жилдээ хадгалагдаж байгаа гэсэн үг.
-Яагаад зоосон ширээ
гэж нэрлэсэн юм бол?
-Яагаад зоосон ширээ гэж нэрлэсэн
гэхээр бүчинд нь зоос зүүдэг. Зооснуудаа нэгэн жигд тоогоор зүүж утсаа
хүндрүүлж сүлждэг байснаас үүдэж зоосон ширээ хэмээн нэрлэсэн гэдэг.
-Энэхүү зоосон
ширээний урлалыг Өмнөговь аймгаас үүсэн хөгжсөн хэмээн үздэг. Энэ талаар та
ярихгүй юу?
-Тийм ээ. Их эрт үеэс үүсэлтэй гэж
үздэг. Ихэс дээдэс, ноёд хатад дээл малгай өмсгөлийнхөө гоёо чимэглэлд их
хэрэглэдэг байсан. Богд хааны музейд байдаг Дондогдулам хатны дээлэн дээр бүр
саатай алтан утсаар зоосон ширээний сүлжмэлээр сүлжсэн гоёлтой байдаг. Тэгэхээр
барагцаагаар 1800 оны сүүл үед ч хэрэглэгдэж байсан байгаа юм. Энэ урлал
хэлмэгдүүлэлтийн үеэс устаж бүдгэрсэн. Хүүхэд залуус мэдэхгүй шашны эд зүйлс
хэмээн ойлгодог байсан. Одоо харьцангуй ойлголттой болж сэргэж л байна. Хамгийн
сайхан мэдээ шүү.
-Энэ зоосон ширээний
урлалыг та хэдийнээс ойлгож анх суралцсан бэ?
-Би анх 1980 оноос эхэлж сурсан. Харин өмнө
нь ээжээрээ зүү ороохыг заалгаж урлаж байсан. Харин анхны зоосон ширээгээ
хүргэн ах Баярсайхан багшаас авсан. Энэ хүний гэргий нь Хандмаа гэж
улсын уран хатгамалч цолтой мундаг уран хүн байсан. Энэ хоёр хүний гэрт анх
зоосон ширээг хараад дурлаж, сурах хүсэл тэмүүлэл эхэлсэн юм. Гэхдээ их нарийн
сүлжмэлийн урлалыг нутгийн хатгамалч, урлаач Чулуунбат гуайгаас суралцсан. Тэр хүн 92 нас хүрч 2019 онд тэнгэрт дэвшсэн дээ. Өндөр настай ч зүү ороогоод, зоосон ширээгээ заагаад л байж байдаг гайхалтай буурай байлаа.
Энэ хүнээс их юм сурч авсан даа. Миний багш гэж би их хүндэтгэж хайрладаг.
-Одоогоор Өмнөговь
аймагт мэргэжлийн хэмжээнд зоосон ширээний урлалыг хөгжүүлж, урлаж байгаа ямар
хүмүүс байна вэ?
-Мэргэжлийн
урлаж байгаа хүмүүс бий. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалантын
харьяат Цэндоогийн Батбуян багш байна. Тэр хүн зоосон ширээг яг ийм
хэмжээтэй, стандарттай байдаг гэдгийг судалж ном гаргасан. Энэ хүний
гаргасан цэнхэр ном гарч ирснээс хойш зоосон ширээ гэж ийм үнэт өв байдаг
гэдгийг мэдэж хөгжүүлэх чиглэлээр олон ажил хийж эхэлсэн гэж хэлж болно. Харин
түүнээс өмнө Баярсайхан багш зоосон ширээг их олноор хийж хүмүүст өгдөг
байсан. Мөн Түмэнбаярын Үүрийнтуяа гээд
уран бүсгүй бий. Энэ урлаач зоосон ширээг их сайн хөгжүүлж яваа хүн. Их олон
янзаар урлаж байгаа. Бүр давхар суварган хэлбэрээр хийсэн байна лээ. Ер нь
залуу урчууд их түрэн орж ирж байна. Энэ тэнд болж байгаа үзэсгэлэн худалдаа,
уралдаанд манайхан л магнайлж байдаг болсон.
-Зоосон ширээг олон
янзаар хийдэг үү?
-Тэгнэ. Маш олон төрөл байдаг. 16-24
утастай зоосон ширээ, 32-64 утастай метрийн өргөнтэй гээд байгаа. Үүгээр үндэсний маш олон хээг урлаж болно.
-Энэ урлал хөгжлийн явцдаа
олон саад бэрхшээлийг даван туулж ирсэн байна. Хэлмэгдүүлэлтийн үед шашны
хэрэгсэл хэмээн үзэж устгаж байжээ?
-Тэгсэн юм билээ. Учир нь шашны эдлэл,
ноёд хатдын бүхий л зүйлсийн гоёл чимэглэлд өргөнөөр хэрэглэж байсантай
холбоотой. Тиймээс энэ урлал хоморгонд их өртөж устсан байдаг. Тэр үед элдэв хээ хуартай, нударгатай дээл, гутал өмсөж болохгүй гэж хүртэл хориглож
байсан үе шүү дээ. Тээр сүүлд 1990-ээд оны дунд үед эмч нарын IV бүгд бага
хуралд оролцохоор төрийн ордонд очихдоо нударгатай дээлтэй очоод загнуулж
байсан түүх бий. Тийм хатуу үеийг даван
туулж үлдэж үе дамжин ирсэн эртний зоосон ширээ Мандал-Овоо, Баян-Овоо суманд
хадгалагдаж байдаг. Манай урчууд аяганы уутыг бүгд нийтээрээ хэрэглэдэг болъё
гэсэн уриаг эхлүүлсэн. Тиймээс аяганы уутаа эрт үеийнх нь хийц загвараар өөр
өөрийн онцлогийг шингээн урлаж байгаа. Манай иргэд ч гэсэн үндэсний баяр
ёслолоороо хөөрөг даалин, аяганы уут зэргээрээ их гоёж хэрэглэдэг болсон. Ноён
Сэврэй хийцийн брэнд аягаа үндэсний ур ухаан оруулан хийсэн уутаар гоёж
хадгалбал сайхан шүү дээ.
Зоосон ширээний сүлжмэл хийх, уран хатгамлаар бүтээл урлахад орчноосоо тасарч, бясалгал хийж буй мэдрэмжийг авдаг.
-Та говь нутгийн
үндэсний өвийг тээж, урлаж яваа хүн. Шавь, залгамж халаагаа хэр бэлтгэж байна?
-Бэлдэлгүй яахав. Одоогоор 200 гаруй
шавьтай болсон байна. Сургуулийн хүүхдүүд бол 60 хавьцаа байна. Мөн Ханхонгор
сумынхаа дотуур байрны хүүхдэд зааж байгаа. Чөлөөт цагаа дэмий үрэхээр энийг
сур гээд заана. Даланзадгад суманд 15 хүнд сургалт зохион
байгуулж, зоосон ширээг нь хийлгэж бэлэглэж байсан. Өмнөговь аймгийн Засаг дарга
байсан Н.Наранбаатар санаачлан 2020 онд хэрэгжүүлж байсан юм. Тэр сургалтаар
зоосон ширээ урлаач Үүрийнтуяа, Дэлгэрмөрөн нар улам хөгжиж амжилттай явж
байгаад баяртай байдаг.
-Зоосон ширээгээр ямар урлалыг түлхүү урлаж байна?
-Хөөрөг даалингийн булан, аяганы уут
эмжих, дээл эмжих, үндэсний олон төрлийн хээ урлаж малгай, дээл, нударга зэрэгт
гоёо хийдэг. Мөн хүүхдийн дээл дээр өлзий утсан хээг гаргаж урладаг. Сүүлийн
үед олон гоё утаснууд гарч ирдэг болсон болохоор баяжуулаад зөндөө юм хийж
болохоор байна.
-Таныг анх суралцаж
байх үед ямар утас хэрэглэдэг байсан бэ? Юм ховор л байсан үе шүү дээ?
-Хүн дуртай юмаа яаж ийгээд л сураад хийдэг юм билээ. Намайг анх суралцаж хийж байх үе 1980-аад он. Эрчтэй сайхан утас олдохгүй. Оросоос ирсэн торгон лентийг хөвөөд тэрийгээ нийтгэж байгаад л хэрэглэдэг байлаа. Сүүлд Хятадаас олон өнгийн утаснууд орж ирдэг болсон. Гэхдээ эхэн үедээ тийм сайн биш, эрч багатай утас ирнэ. Сүүлдээ л сайжирсан. Бүүр эрт үедээ Бээжингээс туушин гэдэг утас орж ирдэг байсан юм билээ.
Намайг бага байхад нэг гогцоо туушин утсыг олбол нэг даалин хийнэ дээ гэж ярьдаг байсан. Тэгэхээр тун олдоц муутай байсан хэрэг. Сүүлд намайг зоосон ширээгээ ид суралцаж байх үед манай холын хамаатан нэг өвгөн хүнээр дуудуулж байна. Тэр хүний хөгшин нь их уран хүн. Надад авдраа уудлан ваадангаасаа их гоё утаснууд гаргаж үзүүллээ. Ер харж байгаагүй хачин гоё өнгийн утаснууд хараад хорхой мөн их хүрч билээ. Тэгээд надад эхний ээлжид орооцолдсон хэсэг өнгийн утас өгөөд энүүгээр даалин хийгээд ир, сайн хийвэл нэмж өгнө гэлээ. Утас олдохгүй байсан үе болохоор бөөн баяр. Гэртээ очоод нэг бүрчлэн орооцолдоог нь гаргаад номон завсар хавчуулаад ахдаа даалин урлаж өглөө. Анхны гоё утсаар хийсэн бүтээл минь тэр. Нөгөө өвгөн ахдаа очиж үзүүллээ. Баахан үзэж үзэж оёно гэвэл оёх л хүн юм. Дахиад нэг даалин урлаад ир гээд явуулсан. Харин тэр даалин дуусахаас өмнө тэр ах маань тэнгэрт дэвшсэн. Тэгээд нэмж утас авч чадаагүй өнгөрч байсан юм. Одоо бол хүссэн утсаа аваад урлалаа хийх боломжтой болсон.
-Зоосон ширээний
урлалыг урлахад цаг хугацаа, уйгагүй хөдөлмөр ордог. Тэвчээртэй хүсэл
сонирхолдоо хөтлөгдсөн хүн л хийх ажил байх даа?
-Тийм шүү. Ерөөсөө л тэвчээр. Уйгагүй
зорилго зорилт юм л даа. Сүлжмэл бол маш их цаг хугацаа, хөдөлмөр орж байж
бүтдэг зүйл. Миний хувьд ар гэр, албаны ажлаа амжуулаад л шууд урлалаа хийдэг.
Энэ хээг дуусгаж байж л миний ажил дуусна гэж боддог байлаа. Чөлөө зай гарвал нэг сайхан амарч авъя гэж бодогдохгүй. Нэг зүү ахиулаад авъя л гэж бодогдоно. Ер
нь эмэгтэй хүн ур үйл хийж байхдаа үр хүүхдээ элдэв хэл ам, аюул аваараас
хамгаалж байдаг ч гэж ярьдаг. Хэдэн хормын өмнө хүн амьтантай ам зөрөх, уур
уцаар төрөх хүний амьдралд юу эс болох билээ. Харин урлалаа хийхэд бүх зүйл
мартагдаж анхаарал бүтээлдээ л төвлөрдөг. Сэтгэл зүйн бясалгал болдог юм. Ер нь
зоосон ширээг урлахад хүний бүх гарын хуруу хөдөлж байдаг. Тиймээс давхар
дасгал ч болдог.
-Энэхүү үндэсний өв
соёл болсон зоосон ширээний урлалыг илүү өргөжүүлэн хөгжүүлэхэд юунд анхаарах вэ?
-Ерөнхий боловсролын
сургуулийн хөдөлмөрийн хичээлийн хуваарьт энэ урлалыг оруулах хэрэгтэй юм шиг
санагддаг. Энэ урлалын ойлголтыг анхан шатнаас нь зааж сургах хэрэгтэй.
Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхээс гадна хүүхдэд сэтгэл зүйн бясалгал
болдог. Анхаарал төвлөрөлт сайжирдаг гээд олон талын эерэг ач холбогдолтой.
Харин төрийн бодлогын хувьд бол манай урчууд төсөл хөтөлбөрт хамрагдахдаа их
муу, өмнөхөө хийгээд л завгүй гүйгээд байдаг. Энэ тал дээр нь бодлогоор сайн
дэмжээд өгвөл их зөв санагддаг. Гэхдээ манай орон нутгийн удирдлага, соёлын
салбарынхан харьцангуй дэмжиж ажилладагт нийт урчуудынхаа өмнөөс талархаж
байгаагаа илэрхийлье.
-Энэ зоосон ширээг
бүтээхэд ямар үнэ ханштай байдаг вэ?
-Нэг зоосон ширээг 300-350 мянган
төгрөгөөр хийдэг. Хажуугаар нь утаснуудаа тогтоодог чагт моднуудыг зорж өгөхөд
хүмүүс их өндөр үнэ хэлдэг. Нийт 32 ширхэг мод ордог. Нэг хийлгээд авчихвал
олон жил тэр айлд өвлөгдөн үлдэнэ. Олон сайхан бүтээл урлана.
-Уламжлалт өв соёлоо
тээж яваа хүний хувьд та эмэгтэйчүүддээ хандаж юу хэлэх вэ?
-Айлын эзэгтэй, эмэгтэй хүн гэдэг заавал үйл урлал хийдэг байх нь чухал. Их бага нь хамаагүй оёдог л байх хэрэгтэй. Эрт цагт монгол үндэстэн бэрээ үйл урлалын чадвараар нь шилж сонгон авдаг байсан уран ард түмэн байсан шүү дээ. Гэтэл одоо бид бэлэнчлэх хандлага их болжээ. Дээл хувцас, гоёл чимэглэлээ худалдаад авчихдаг. Тэгэхээр багаас нь үйл урлалд ойртуулж зааж сургах, үндэсний хээ угалз, оёдол сүлжмэлийг сургах хэрэгтэй. Тэгж байж л өв соёл өвлөгдөн үлдэнэ.
-Зоосон ширээгээр
хамгийн их цаг зарцуулж урласан ямар бүтээл байдаг вэ?
-Дөрвөн метр
урт утас сүлжиж байсан. Их цаг орсоон. Уйгагүй ч сууж байсан. Тэр
утсаараа нэг хүүхдийн дээлийг бүтэн эмжиж өлзий утас гарган урлаж байсан. Би
долоон бурхан шиг долоон сайхан хүүхэдтэй хүн. Хүүхдүүдийнхээ дээл хувцсыг их
гоёж урладаг байлаа.
-Та эмч хүн. Айл
гэрийн эзэгтэй, хажуугаар нь мал аж ахуйгаа эрхэлнэ. Энэ их ажлын хажуугаар
үндэсний урлалаа урлана гэдэг амаргүй байсан байх?
-Тийм шүү, тэр их ажлын хажуугаар
амжуулаад л байдаг байсан. Одоо эргээд
бодохоор их гайхдаг. Ёстой л хүсэл сонирхол байхад яаж ийгээд л амжуулаад
байдаг юм билээ. Ингээд та бүхэндээ уриалан хэлэхэд гэр бүл дундаа заавал нэг
хүн нь зоосон ширээнийхээ урлалыг сураарай гэж хэлье. Мөн аяганыхаа уутыг
хэрэглэж сураарай. Үндэсний өв соёлоо сурталчлан таниулах үйлд хүн нэг бүр
оролцож үйл хэргээрээ үлгэрлэх хэрэгтэй л гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.