Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлыг сайжруулах арга хэмжээ авахыг Израилаас шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-10-16 09:58:12

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 16 /VOA/. Израил улс АНУ-ын цэргийн тусламжийг авахтай холбоотой хууль эрх зүйн арга хэмжээ авахаас зайлсхийхийн тулд Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлыг сайжруулах арга хэмжээ авах ёстой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар мэдэгджээ. 


“Газын зурваст хүмүүнлэгийн байдал улам дордож буйд АНУ-ын Засгийн газар гүнээ санаа зовниж байгааг онцлон илэрхийлэхийн тулд бид бичиж байгаа бөгөөд энэ байдлыг өөрчлөхийн тулд танай засгийн газраас энэ сард яаралтай, тууштай арга хэмжээ авахыг шаардаж байна" гэж Төрийн Департамент болон Пентагоны тэргүүн нар Израилын талд 10 дугаар сарын 13-ны өдөр бичсэн захидалдаа онцлон тэмдэглэсэн байна. Тэдний захидлыг “Axios” мэдээллийн цахим хуудасны сурвалжлагч олон нийтийн Х сүлжээнд мягмар гарагт нийтэлжээ. 


Газад энгийн иргэдэд хоол хүнс, ус, эм тариа, тусламж хүргэхтэй холбоотой нөхцөл байдал түгшээсээр байгаа энэ үед Израилын цэргүүд тус зурвасын хойд хэсэгт ажиллагаагаа өргөжүүлж байгаа үед Блинкен, Остин нарын захидал дэлгэгдэж байна. 


Израил улс Газын зурвас дахь Палестины энгийн иргэдэд тулгарч буй "сүйрлийн нөхцөл байдал”-ыг яаралтай шийдэж, тусламж хүргэхийг хязгаарлах замаар "зовлонг нь нэмэгдүүлэх"-ээ зогсоох ёстой НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. 


Төрийн нарийн бичгийн дарга болон Пентагоны тэргүүний захидалд Израилын талын 30 хоногийн дотор хийх ёстой тодорхой алхмуудыг дурдсан бөгөөд үүнд өдөрт хамгийн багадаа 350 ачааны машиныг Газын зурвас руу нэвтрэхийг зөвшөөрөх, тусламжийг хүргэхийн тулд байлдааны ажиллагаанд завсарлага авах, шаардлага байхгүй үед Палестины энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх тушаалыг цуцлах зэрэг багтжээ. 


"Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх амлалтаа харуулахгүй байх нь АНУ-ын холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахад хүргэж болзошгүй юм" гэж захидалд дурджээ.


Энэ оны эхээр Америкийн албаны хүмүүс Израилын цэргүүд Газын зурвас дахь цэргийн ажиллагааны үеэр АНУ-ын нийлүүлсэн зэвсгийг ашиглан олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж мэдэгдэж байсан юм.


Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлын талаар Израилын албан тушаалтнуудад бичсэн Остины захидал нь "хувийн захидал харилцаа" байсан гэж Пентагон мягмар гарагт мэдэгдээд, энэ талаар тайлбар хийгээгүй байна.

Холбоотой мэдээ