Р.Мөнхсайхан: Бүх дууг амьд хөгжимтэй дуулах учраас дахин давтагдашгүй тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-16 15:37:12

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр байр сууриа хэдийнэ эзэлж, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжсээр ирсэн “Нью Стар” студийн 20 насны төрсөн өдөр маргааш тохионо.


Тус студийн 20 жилийн ойд зориулсан Бүх оддын тоглолт “UG Arena” цогцолборт энэ сарын 18-нд болох бөгөөд үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тоглолтод 90 орчим уран бүтээлч оролцох бол зохион байгуулалтад 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Уг тоглолтын хамгийн залуу уран бүтээлчээр дуучин Б.Энхзаяа оролцож байгаа аж. Түүний хувьд 20 жилийн ойн тоглолтод дуучин Г.Тэнүүнтэй хамтран “Хайрлах хүсэл” дууг амилуулж, олны хүртээл болгоно.


“Нью Стар" студи орчин цагийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд энэхүү урлагийг мэргэжлийн түвшинд онцгой үүрэг гүйцэтгэснийг рок попынхон ярьдаг юм. Тэд тайз, дэлгэцийн жүжигчид болон дуучид хамтран ажиллахдаа олон дууны үг, аяыг зохиохын сацуу хөгжмийн найруулгыг нь хийсээр өдийг хүрчээ. Аливаа тоглолт цаг хугацаатай учраас студидээ бүтээсэн 200 гаруй дуунаас хамгийн шилэгдмэл, хит гэсэн 40 орчим бүтээлийг сонгон авч “UG Arena”-гийн тайзнаас амьд хөгжимтэй эгшиглүүлэх гэж байна. Тэдний заримыг нь залуу дуучид шинэчлэн найруулгаар энэхүү тоглолтод зориулж дуулсан бол “Харанга”-ын Х.Лхагвасүрэн “Сар шиг хол нутаг”, “Үзэсгэлэнт минь” дуугаараа, нэгэн цаг үед хайрын, уянгын дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан “Салхи” хамтлагийнхан “Хагацал хүсээгүй хайр”-аараа фэнүүдтэйгээ уулзах нь ээ.


Хурлын эхэнд “Нью Стар” студийн захирал Л.Энхмандах ярихдаа, “Анх 2004 онд “Стар” студиэ байгуулсан бол 2007 оноос “Нью Стар” болсон түүхтэй. Тоглолт хийх талаар бид өнгөрсөн жилээс ярилцаж эхлээд өнөөдөр бэлтгэл ажлыг 100 хувь хангаж дууслаа. Манай тоглолтын ерөнхий найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн “Рок мангас” Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар С.Гантөр ажиллаж байна. Хамгийн хүндтэй зочноор “Соёл Эрдэнэ”, “Өргөө”, “Инээмсэглэл”, “Айзам 2” хамтлаг оролцох болно” гэв.




Харин тоглолтын найруулагчаар ажиллаж буй Р.Мөнхсайхан хэлэхдээ, “Өнгөрсөн хугацаанд хийсэн, бүтээснийг нь дүгнэвэл хит дуугаар хэмжих байх. Анх жагсаалт гаргахад 200 гаруй хит дуу гарч байлаа. Яг уран бүтээлчээр нь тоолбол 47 хамтлаг, дуучин болсон. Дуу яаж хит болдог вэ гэхээр тухайн цаг үед сонсогчдод хүрснээр нь тодорхойлох юм. Тэгэхээр энэ тоглолтод дуулах бүх дуу үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон. Заримыг нь сүүлийн үед трэнд болж буй залуу дуучдаар дуулуулсан. Үүнд хүмүүсийн хандлага янз бүр. Нэг хэсэг нь дуртай хүлээж авсан. Гэтэл нөгөө талд аливаа бүтээлийг анхны хувилбараар сонсохыг хүсдэг бүлэг байна. Тэд шүүмжилсэн, дургүйцлээ ч илэрхийлсэн. Бүх дууг амьд хөгжимтэй дуулах учраас дахин давтагдашгүй тоглолт болно. Үзэгчдэд зориулсан содон хөтөлбөртэй. Өнөө цагт ийм олон дуучныг нэг дор цуглуулна гэдэг амар ажил биш. Харин “Нью Стар” студи нэр хүндтэй учраас тэднийг цуглуулж чадаж байна. Тиймээс тоглолтоос та бүхэн сэтгэл хангалуун гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй” хэмээн ярилаа.




Тэгвэл тоглолтын ерөнхий менежер, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн “Монголын рок поп, орчин үеийн хөгжим, хип хоп урлагт хувийн студи байгуулагдаж эхэлсэн байдаг. Тэдний анхдагчуудын нэг нь “Нью Стар” юм. Уг студи маань Монголын хөгжмийн урлагт шинэ стандарт, дэлхийн хэмжээний дуугаралтыг бий болгож чадсан. Үүний тод жишээ нь нийтийн болон мэргэжлийн урлагийн дуучдын 100 гаруй цомог, 1500 орчим бичлэгийг хийсэн студийн 20 жилийн ой болж байна. Ойн хүрээнд Бүх оддын тоглолт зохион байгуулахаар болсон. Энэ тоглолтыг зохион байгуулахын тулд маш олон байгууллага хамтран ажиллаж байгаа. Мөн хэвлэл мэдээллийнхэн та бүхэн ч нэг хэсэг нь. Тиймээс бүгдэд нь талархал илэрхийлье” гэв.




Тоглолтын тасалбарыг shoppy.mn-ээс худалдан авах боломжтой. Харин тоглолт 17:00 цагт үүдээ нээж, 19:00 цагт эхлэх бөгөөд дөрвөн цаг гаруй хугацаанд үргэлжлэх ажээ. 

Холбоотой мэдээ