СЭЛЭНГЭ: Албан хэргийг хос бичгээр хөтлөх туршилтын бэлтгэл ажил амжилттай явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-16 15:26:52

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2022 оноос албан бичгээ үндэсний бичгээр туршин, сэргээн хэрэглэж байна.

 

Энэ талаар ямар ажил зохион байгуулан ажиллаж байгаа талаар аймгийн БШУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтантуяагаас тодрууллаа.

 

-Тун удахгүй хос бичигтэн болох гэж байна. Сэлэнгэ аймаг албан бичгээ үндэсний бичгээр туршин, сэргээн хэрэглэх тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” /MNS 6395:2022/, төрийн албан хаагчийн нэрийн хуудсанд тавих ерөнхий шаардлага /MNS 6978:2022/ байдаг.

 

Энэ талаарх мэдээллийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн цахим хуудаснаас авч, төрийн байгууллагуудад хүргүүлсэн.

 

Тухайлбал албан бичиг, тушаалыг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн бичих, албан тасалгааны хаяг, нэрийн хуудсыг монгол бичгээр бичих, төрийн албан хаагчдад монгол бичгийн хичээлийг түвшинд ангилан заах ажлыг ЕБС-ийн багш нартай хамтран хэрэгжүүлж байна.

 

-Энэхүү бичгээр бичих ажлыг хэрэгжүүлэхэд тодорхой стандарт байгаа юу?

-Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны С/13 дугаар тушаалаар монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавигдах үндсэн шаардлага MNS:6395:2022 стандартыг баталж өгсөн.

 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны "Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 7 дугаар тогтоолын 5.3, мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 144 дүгээр захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгээс өгсөн чиглэл байгаа.

 

Үүний дагуу албан хэргийг хос бичгээр хөтлөх туршилтын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд тус стандартад заасан 12 нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудаснаас өөрийн байгууллагад хэрэгцээтэй В4-тушаал баримт бичгийн, В11-байгууллагын албан бичгийн, мөн А5 хэмжээтэй байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудасны захиалгыг Архивын ерөнхий газарт хүргүүлэн тус хэвлэмэл хуудаснуудын эхийг файл хэлбэрээр авч, туршилтын ажлыг эхлүүлээд явж байгаа.

Холбоотой мэдээ