Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 их наяд буюу 28.9 хувь, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 21.3 их наяд төгрөгт хүрч, 4.4 их наяд буюу төгрөг буюу 25.9 хувиар нэмэгджээ.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 9 сард 19.8 их наяд төгрөгт хүрч,
тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарсныг ҮСХ-ны хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил Монгол
Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 9 сарын үзүүлэлтийг танилцуулах үеэрээ мэдээлэв.
Татварын орлого энэ оны эхний 9 сард 20 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.1 их наяд төгрөг буюу 26.1 хувиар нэмэгдэхэд орлогын албан татварын орлого 2.1 их наяд, НӨАТ 913.8 тэрбум, нийгмийн даатгалын орлого 578.2 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 252.8 тэрбум, онцгой албан татвар 226.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Оны эхний
9 сард татварын орлогын 32.1 хувийг орлогын албан татвар, 21.6 хувийг НӨАТ, 16.6 хувийг нийгмийн
даатгалын, 6.6 хувийг гадаад үйл ажиллагааны, 4.1 хувийг онцгой албан татварын
орлого, 19 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна. Орлогын албан
татварын 73.3 хувийг ААНОАТ, 26.7 хувь /буцаан олголтыг хассан дүнгээр/-ийг
ХХОАТ-ын орлого бүрдүүлжээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 9 сард 19.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 их наяд төгрөг буюу 34.4 хувиар нэмэгдсэн байна. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеийнхээс 3 их наяд буюу 94.3 хувь, хөрөнгийн зардал 1.1 их наяд төгрөг буюу 40.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлөв.
Дээрх хугацаанд нийт зардалд урсгал шилжүүлэг 40, бараа үйлчилгээний зардал 31.5, хөрөнгийн зардал 20.3, хүүгийн зардал 4.9, татаас 3.3 хувийг эзэлж байгаа юм. Хөрөнгийн зардал гэхэд 4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 их наяд төгрөг буюу 40.3 хувиар нэмэгджээ. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 501.5 тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 100.2 тэрбум, бусад хөрөнгийн зардал 465 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн аж.