Зудын нөхцөлд зам харгуйг хамгийн түрүүнд нээх хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн өвөл, хаврын зуднаар малчдад тулгарсан хамгийн бэрхшээлтэй зүйл нь зузаан цасанд зам харгуй хаагдсан явдал байв. Энэ хүндрэлийг малчид хамгийн их хэлж байсныг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр НҮБ, ЮНЕСКО, ОБЕГ, Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс хамтран өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан “Өвөл, хаварт бэлэн үү” уулзалтын үеэр онцолсон юм.
Тэрбээр, зуд болоход
хамгийн түрүүнд зам даваа гаргах асуудал тулгардаг. Өнгөрсөн өвөл 138 мянган км
замыг туулж зам даваа гаргасныг тодотгон хэлсэн юм. Ингэснээр хүүхдүүд
хичээл сургуульдаа явах, хөдөөгийн хүн амд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, малчдад
өвс тэжээл хүргэх нөхцөл бүрджээ.
Тодруулбал, Онцгой байдлын
алба хаагчид орон нутагт цасанд дарагдсан зам харгуйг нээснээр малчид өвс
тэжээлээ авахаас гадна иргэд сумын төв орж хүнсээ базаах зэргээр хамгийн чухал
гарц болж байжээ. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг хангахдаа юун түрүүн зам харгуйг
тооцон цас орсон даруйд нээж байх хэрэгтэй гэсэн сургамж үлдэж байна гэв.
Эрсдлийн үнэлгээгээр өнгөрсөн өвөл, хавар улсын хэмжээнд 40.590 өрх өвс, тэжээлээр дутагдаж, 16 аймгийн 5599 өрх хүнс, хоолны хэрэгцээ, мөн тооны аймгийн 4604 өрх түлээ, түлшээр тасарч, 13.677 өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага үүсэж байжээ.
“Өвөл, хаварт бэлэн үү” хэлэлцүүлэгт
салбарын байгууллагын мэргэжилтнүүд оролцож, мал аж ахуйн өвөл, хаврын бэлтгэл,
зудын эрсдлийг бууруулах ажиллагаа, сургамж, үр дүн, нөлөөний талаар цогц мэдээлэл
өгсөн юм.
Тухайлбал, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Л.Оюунжаргал хэлэлцүүлгийн үеэр ирэх сарын цаг агаарын мэдээллийг хүргэсэн. Тэрбээр, 11 дүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэйг дуулгаж, малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэйг санууллаа.
Аравдугаар сарын эхний хагаст баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дундаж орчим байв. Харин хур тунадас Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын нутаг болон Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу орсныг мэдээллээ.
Арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсэг болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байна. Гэсэн хэдий ч цаашдаа өвлийн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн зүүн хагаст хур тунадас ахиу орох төлөв ажиглагдаж байгааг мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар улсын
хэмцээнд өвс, тэжээлийн нөөц 80 хувьтай байгааг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун мэдээлсэн юм. Тэрбээр
2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даац ямар байх талаар мэдээлэхдээ,
нутгийн 70 орчим хувьд бэлчээр хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч
гарахаар байх төлөвтэй байна гэв.
Тодруулбал, өвөл, хаврын
бэлчээрийн даац 47 хувьтай, 20 хувьд бэлчээрийн нөөц хүрэлцээтэй байна. 21
хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 4 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 8
хувьд даац олон дахин хэтэрсэн дүр зурагтай байна.
Зуншлага, намаржилт нийт нутгийн 70 орчим хувьд сайн, 10 орчим хувьд муу, 20 орчим хувь дунд байжээ.