ХОВД: “Халзан бүрэгтэй” төслийн талаар нийтийн сонсгол зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-24 02:56:45

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжиж буй "Халзан бүрэгтэй" төслийн талаар хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулжээ. 


Үүнд Ховд аймгийн Мянгад сум болон зэргэлдээ аймаг, сумын иргэд оролцсон бөгөөд дийлэнх нь "Халзан бүрэгтэй" төслийн үйл ажиллагааг эсэргүүцэж, тэмцэх талаар санал бодлоо илэрхийлсэн байна.  


Халзан бүрэгтэй ууланд газрын ховор элемент ашиглахаар лиценз авч, өрөмдлөг хийж буй “Монголиан нэшнл рийр ийрт корп” компанид үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргэх, эсэргүүцэл илэрхийлж 2022 онд Ховд аймгийн Мянгад сумын иргэд тайван жагсаал зохион байгуулж байсан.   


Мөн өнгөрсөн хугацаанд хэд хэдэн төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэд нэгдэж, холбогдох судалгааг хийх замаар байгаль орчин, хууль хяналтын байгууллагад гомдол, хүсэлт гаргажээ.   


"Ховдын толь сонин" ТББ-ын тэргүүн Г.Төрмөнх хэлэхдээ, Халзан бүрэгтэй ууланд хайгуул нэрээр хууль бусаар газрын ховор элементийн өрөмдлөг хийж байна. Төслийн хүрээнд 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө хууль зөрчин батлуулсан учраас одоогийн үйл ажиллагаа хууль бус болох нь хөндлөнгийн үнэлгээгээр дүгнэгдсэн. Тиймээс энэ дагуу бид байгаль орчны салбар байгууллага, яаманд гомдол гаргаад явж байна. Мөн уг хайгуул, өрөмдлөгийн улмаас үүсэж буй цацрагийн идэвхжил зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр буюу хүрээлэн буй орчинд аюул хөнөөл учруулах түвшинд байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоосон" гэв.  


Энэ удаагийн хэлэлцүүлэгт төслийн багийнхан мөн оролцож, иргэдэд мэдээлэл өглөө. “Монголиан нэшнл рийр ийрт корп” компани "Халзан бүрэгтэй" төслийн хүрээнд 2022-2023 оны хайгуулын ажлын үеэр Мянгад суманд 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийсэн гэх тооцоолол гаргажээ.   


Холбоотой мэдээ