ХОВД: Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичигтэй байгууллага 90 болж нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-24 11:42:43

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймагт "Хүний эрхийн төлөө хамтдаа" уриалга бүхий нээлттэй өдөрлөг, уулзалт боллоо.


Энэ хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын баг энэ сарын 21-23-ны өдөр Ховд аймагт ажилласан бөгөөд цагдаагийн газар, бусад мэргэжлийн байгууллагатай хамтран баруун бүсийн аймгуудын төрийн албан хаагчдад зориулсан сургалт, уулзалт хийв.


Мөн иргэд, хүүхэд, залууст комиссын чиг үүрэг, хүний эрхийг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.


Энэ үеэр иргэдийн дийлэнх нь мэдэх эрхийн хэрэгжилт хангагдахгүй байгаа тухай хэлсэн ба хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн үл хайхрах хүчирхийлэл, архидалт, нэр төрд халдсан зэрэг асуудлаар хуулийн зөвлөгөө авсан гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ. 

 

Мөн цахим хэрэглээний аюулгүй байдал, үе тэнгийнхний дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл солилцсон байна.


Хүүхэд, залууст цахим хэрэглээний ур чадвар суулгах, цахим орчин дахь хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас тэднийг хамгаалах нь зөвхөн багш, ажилтнуудын хариуцах ажил бус, харин бүх шатны төрийн байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч болон иргэд, олон нийт, хүүхэд, залуусын оролцоо,  идэвх санаачилга чухал гэж оролцогчид хэллээ.  


Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх тэргүүн туршлагад нөлөөлөгч хүүхдүүдийг сургаж, бэлтгэх, ганцаарчилсан ба бүлгийн уулзалт хийх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт, нөлөөллийн, эвлэрүүлэн зуучлах ажил зохион байгуулах зэргийг оруулжээ.   


Ховд аймгийн тухайд энэ онд “Хүүхдэд ээлтэй, хүний хөгжлийг дэмжих жил” уриалга дэвшүүлсэн. Үүнтэй холбогдуулан хүүхэд хамгаалалд чиглэсэн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.


Мөн орон нутагт хүүхэд хамгааллын бодлогын баримт бичигтэй 35 байгууллага байсан бол өдгөө 90 болж нэмэгджээ. Түүнчлэн 10 байгууллага хүүхдийн өрөөтэй болсон юм.      


Холбоотой мэдээ