Л.Оюун-Эрдэнэ: НҮБ-тусгаар тогтносон улс орнуудын өөрийгөө илэрхийлэх чөлөөт индэр юм
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус байгууллагад зочилж, хамт олонд нь баяр хүргэлээ.
НҮБ-ыг 1945 оны аравдугаар сарын 24-нд олон улсын хууль,
эдийн засаг, нийгмийн хөгжил, хүний эрхийг ханган ажиллахаар байгуулж, энэ нь
дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн орших томоохон дэвшил
болсон юм. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх
гишүүн болж НҮБ-д төрийн далбаагаа мандуулжээ.
Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон 60 гаруй жилд олон улсын
хамтын нийгэмлэгийн өмнө тавьж буй зорилго, зорилтыг хангах, олон улсын тавцанд
эх орныхоо байр суурийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах,
ардчилал, хүний эрхийг хангах чиглэлд анхаарч ирснийг Л.Оюун-Эрдэнэ онцлоод, НҮБ бол тусгаар тогтносон улс орнуудын хувьд
өөрийгөө илэрхийлэх индэр, уулзах чөлөөт цэг гэдгийг тодотгосон юм.
Тэрбээр, "НҮБ цар тахлын хүнд үед хүн амын 80 хувийг вакцинжуулахад, 2023-2024 оны зудын үед 12 мянган малчин өрхөд тусалж, 1.5 сая ам.долларын тусламж үзүүлсэн зэргээр Монголын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй НҮБ-ын түншлэл, НҮБ-ын удирдлага, албан хаагчдад талархал илэрхийллээ. “Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэлхий дахины дэвшилтэт үзэл баримтлалыг үндэсний онцлогтойгоо уялдуулан хэрэгжүүлж байна. Үүнд НҮБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичиг чухал дэмжлэг болж байгаа"-г тэмдэглэлээ.
НҮБ-аас Монголд 2023-2027 онд хүний хөгжил, ногоон хүртээмж,
хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийн асуудлыг стратегийн тэргүүлэх
чиглэл болгож байна.
Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэнээр бидний харилцаа өргөжин
тэлж, хамтын ажиллагаа бэхжиж байна. Тогтвортой хөгжлийн зорилтын эдийн засаг,
нийгэм, байгаль орчин гэсэн гурван салбарт Монгол Улс багагүй ахиц дэвшил
гаргаж буйг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэмдэглээд, эдийн засгийн
салбарт хурдацтай өсөлт бий болгож чадаж байгааг онцлоод, Монгол Улс хөгжлийн бодлого,
төлөвлөлтөө тогтвортой байлгах, хурдтай хөгжихийн төлөө хамтарсан Засгийн газар
байгуулж, хөгжлийн 14 мега төслийг бүс нутаг, хөрш орнууд, хөгжлийн түнш
байгууллагуудын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхээр зарлаад байгааг хэлэв. Түүнчлэн Монгол Улс Тогтвортой
хөгжлийн зорилтын эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван салбарт багагүй
ахиц дэвшил гаргаж байгааг тэмдэглээд,
Монгол Улс эдийн засгийн салбарт хурдтай өсөлт бий болгож, жендэрийн
тэгш байдал, хотын хөгжил, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт амжилттай ажиллаж
байна.
Өнгөрсөн сард Нью-Йорк хотноо 193 орны удирдагч цуглаж, НҮБ-ын дээд
хэмжээний уулзалтын үеэр “Ирээдүйн төлөө гэрээ” баримт бичгийг баталсан. Энэ нь Монгол Улс цаг уурын өөрчлөлттэй тэмцэж, цахим шилжилтийг
хурдасгаж, улс орныхоо хөгжлийг ахиулахад хувь нэмэр оруулах учиртайг онцолжээ. “Ирээдүйн төлөө гэрээ” бол
Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэхэд ихээхэн хувь нэмэр болох арга хэрэгсэл юм. НҮБ Монгол
Улсын Засгийн газартай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд бэхжүүлэхэд бэлэн
байна. Ялангуяа, ногоон
шилжилт, ногоон хөгжлийг эрчимжүүлэхийн төлөө хамтдаа хичээж ирээдүйгээ илүү
гэрэл гэгээтэй болгоцгооё хэмээсэн
юм.
“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн 17 зорилтыг
хангахад чухал хувь нэмэр болох 14 мега төсөл, 14 реформ, “Алсын хараа-2050”
үндэсний хорооны үйл ажиллагааг уялдуулахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар,
НҮБ-ын баг онцгойлон анхаарна гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд тэмдэглээд, Монгол
Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд шинэ түвшинд ахиж, хөгжлийн
тусламжаас илүү хөгжлийн хамтын ажиллагаанд төвлөрч байна. Цаашид хүний нөөц,
хиймэл оюун ухаан, ногоон шилжилт зэрэг гурван том асуудалд анхаарах нь зүйтэйг
онцолж, НҮБ-ын дэмжлэг, манлайлал, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг онцлов. Монгол Улсын Засгийн газар
НҮБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, агуулга, цар хүрээ,
хүртээмжийг нэмэхийн төлөө байгаагаа дахин илэрхийллээ.
НҮБ-ын дүрмийг 1945 оны энэ өдөр баталж, 1948 оноос хойш НҮБ-ын өдөр болгон тэмдэглэжээ.
Монгол Улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг "Бичигтэн болох 10 жил", мөн НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаж байв.
Өдгөө Монгол
Улсад ардчиллыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг
хамгаалах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монгол Улсын
Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 2002 оноос оролцож, өнгөрсөн хугацаанд 12 ажиллагаанд 20 мянга
гаруй албан хаагчаа илгээн
үүрэг гүйцэтгүүлж, НҮБ-ын
энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч топ 24 дэх орон болсон билээ.