“Бяцхан хунтайж” туужийн ховор хувийг худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-10-25 11:42:31

ЛОНДОН, 2024 оны аравдугаар сарын 25 /BBC/. Антуан де Сент-Экзюперигийн "Бяцхан хунтайж" туужийн хосгүй хувийг худалдаанд тавьжээ. Бичгийн машинаар бичсэн, зурагт ноорог бүхий энэхүү номын үнэ 1.25 сая ам.доллар бөгөөд 11 дүгээр сард Абу-Даби хотноо болох соёл, урлагийн Олон улсын наадмын үеэр худалдан авах боломжтой.


Антуан де Сент-Экзюпери "Бяцхан хунтайж" туужийнхаа энэхүү хувийг Францын цэргүүд нацистуудын эсрэг тулалдаанд ялагдсаны дараа Нью-Йорк хотод нүүж очсоныхоо дараа гаргажээ. Тэрбээр хамгийн алдартай эл туужаа АНУ-д бичсэн бөгөөд 1943 онд хэвлүүлсэн юм.


Цэргийн нисгэгчээр алба хааж байсан зохиолч 1944 оны зун Францын өмнөд хэсэгт байлдааны даалгавар гүйцэтгэж яваад буцаж ирээгүй юм.


"Бичгийн машинаар бичсэн хувийг авна гэдэг бол ховорхон тохиох үйл явдал юм" уг номыг худалдаж буй “Peter Harrington Rare Books” компанийн төлөөлөгч Сэмми Жей хэллээ. 


Антуан де Сент-Экзюпери энэхүү домогт туужаа гараар бичсэн бөгөөд энэ гар бичмэл Нью-Йоркт хадгалагддаг. Тэрбээр мөн "Бяцхан хунтайж"-ийнхаа гурван хувийг бичгийн машинаар бичиж хэвлүүлжээ. Тэдгээрийн хоёрыг нь найзууддаа (Франц, АНУ-д хадгалдаг) бэлэглэсэн бол гурав дахь нь "бэлэглэсэн тухай бичээсгүй байсан бөгөөд үүнийг хэнд ч бэлэглээгүй" гэж Сэмми Жей хэлэв. 


Түүний хэлснээр, энэхүү гурав дахь хувь нь Францад "олон арван жилийн турш" хувийн цуглуулгад хадгалагдаж байсан бөгөөд гурван хувиас худалдаанд тавьж буй цорын ганц хувь болсон байна. 


“Peter Harrington Rare Books” компани энэхүү номыг 2024 оны эхээр худалдаж авсан бөгөөд худалдаж авсан цагаасаа хойш судалжээ. Компанийн төлөөлөгчийн хэлснээр, номын хавтсан дээр унтарсан тамхины зураг байгаа бол номын хуудсууд дээр зохиолчийн гараар хийсэн тэмдэглэгээ, тайлбаруудтай ажээ. 


"Бяцхан хунтайж" бол ХХ зууны хамгийн алдартай номуудын нэг бөгөөд элсэн цөлд ослын буулт хийсэн нисгэгч дэлхийд ирсэн өөр гаргийн хөвгүүнтэй уулзсан талаар өгүүлдэг.

Холбоотой мэдээ