Англи, Уэльст нэг удаагийн электрон тамхийг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-10-26 11:08:05

ЛОНДОН, 2024 оны аравдугаар сарын 25 /Anadolu/. Хүүхдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах санаачилгын хүрээнд Англи, Уэльст ирэх 2025 оны зургаадугаар сараас эхлэн нэг удаагийн электрон тамхи худалдаалахыг хориглохоор болжээ.


Байгаль орчин, хүнс, орон нутгийн асуудал эрхэлсэн газрын /Defra/ мэдээлснээр, электрон тамхины хэрэглээ 2012-2023 оны хооронд 400 хувиар өссөн байна. Одоогоор Британийн иргэдийн 9 орчим хувь нь ийм тамхи худалдан авч хэрэглэж байгаагаас огт тамхи татдаггүй байсан хэрэглэгчдийн тоо, ялангуяа залуу хэрэглэгчдийн тоо нэмэгдэх болжээ.


Уэльсийн засаг захиргаа мөн Их Британид электрон тамхийг хориглохтой зэрэгцэн уг шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн сайд Эндрю Гвинн хэлэхдээ, нэг удаагийн электрон тамхийг хориглох нь залуучуудын тамхи татах сонирхлыг бууруулна гэлээ.


“Засгийн газар мөн тамхи, электрон тамхины тухай хуулийн төслийг удахгүй өргөх барих бөгөөд энэ нь залуучуудыг никотинд донтохоос хамгаалж, Их Британийг тамхины хэрэглээнээс ангид болгох замыг засах нийгмийн эрүүл мэндийн хамгийн том арга хэмжээ юм” гэж тэрбээр хэлсэн байна.


Электрон тамхи татах нь утаат тамхинаас хамаагүй бага хор хөнөөлтэй гэж үздэг боловч эрүүл мэндэд урт хугацаанд үзүүлэх үр дагавар нь тодорхойгүй хэвээр байна гэж Үндэсний эрүүл мэндийн албанаас мэдээлжээ. Одоогоор 18-аас доош насны хүмүүст электрон тамхи худалдах нь хуулиар хориотой боловч залуучууд нэг удаагийн электрон тамхийг түгээмэл хэрэглэх болсон нь эрүүл мэндийн салбарынхны санааг зовоож байна.

Холбоотой мэдээ