“One Direction” хамтлагийн бүх цомог шилдэг цомгуудын жагсаалтад багтжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОНДОН, 2024 оны
аравдугаар сарын 26 /The Guardian/. Англи-Ирландын “One Direction”
хөвгүүдийн хамтлагийн гишүүн Лиам Пейн Аргентинд нас барснаас хойш долоо
хоногийн дараа тус хамтлагийн таван цомог бүгд Их Британийн чартуудад эргэн
бичигдэж эхэлжээ.
Тухайлбал, хамтлагийн гурав дахь цомог болох “Midnight Memories”-ийн борлуулалт өнгөрсөн долоо хоногт 517 хувиар өссөнөөр жагсаалтын 13-т бичигдэж байна гэж “Official Charts Company” мэдээлсэн байна. Мөн өөр гурван цомог нь шилдэг 40 цомгийн жагсаалтад дахин орсон бол Л.Пейний сүүлчийн соло сингл “Teardrops” нь жагсаалтын 85 дугаарт бичигджээ.
Л.Пейн 10 дугаар сарын 16-нд Буэнос-Айрес хот дахь зочид буудлын гурван давхрын тагтнаас унаж 31 насандаа нас баржээ. Л.Пейн болон түүний хуучин найз бүсгүй Шерил нарын хүү Бир өдгөө 7 настай юм. Дуучныг нас барснаас хойш гэр бүл, найз нөхөд, хамтлагийн гишүүд нь түүний дурсгалыг хүндэтгэсээр байна.
“One Direction” хамтлагийн гишүүн Найл Хоран түүнийг хамгийн
гэгээлэг нэгэн байсныг дурсан ярьжээ. Харин түүний найз охин Кейт Кэссиди дуучныг
үргэлж өөрийнх нь “хамгаалагч сахиусан тэнгэр” байх болно гээд, хос хоёр гэрлэхээр
төлөвлөж байсан талаар дурссан байна.
Л.Пейний гэр бүлийнхний хувьд туйлын ихээр уй гашууд автаж байгаагаа илэрхийлээд, “Лиам бидний зүрх сэтгэлд үүрд мөнх амьдрах болно, бид түүний эелдэг, хөгжилтэй, зоригтой зан чанарыг үүрд дурсан санах болно” хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дуучны дурсгалд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан шүтэн бишрэгчид нь мөн түүний уран бүтээлүүдийг шилдэг дуунуудын жагсаалтад дахин оруулахад хувь нэмэр оруулсан байна.