Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр өнөөдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Франц улсын нийслэл Парис хотноо 2005 онд хуралдсан ЮНЕСКО-гийн Нэгдсэн чуулган хуралдааны тэмдэглэлийн 33 дугаар хэсэгт жил бүрийн 10 дугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр” болгон тэмдэглэхээр заажээ.
Энэхүү тэмдэглэлт өдрийг дэлхий нийтэд өргөн хүрээтэй тэмдэглэдэг болсон төдийгүй Архивын ерөнхий газар 2013 оноос тасралтгүй тэмдэглэж олон нийтэд дуу дүрс, кино, гэрэл зургийн баримтыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, сан хөмрөгөө баяжуулах тодорхой арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ жилийн тэмдэглэлт өдрийг Соёлын өвийн үндэсний төвтэй хамтарч, түүх соёлын дурсгалт уран барилгын гэрэл зураг, дүрс бичлэг, зураг төсөл техникийн баримтыг сурталчилж, олон нийтэд хүргэх, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангахад чиглүүлэн зохион байгуулжээ.
Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар энэхүү өдрийг тэмдэглэх өдөрлөгийг нээж хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд баримтын үнэ цэн, ач холбогдол өсөж, кино, дүрс бичлэгт буулгасан дуу авиа, дүрс бичлэгийн баримтыг судалснаараа бид соёлын баялгийг үнэлэх төдийгүй түүнээс үнэ цэнтэй сургамж авахад оршиж байгаа тул мэргэжлийн байгууллагуудын оролцоо дэмжлэгээр Монгол Улс дахь түүх соёлын дурсгалт барилгын өв болох баримтыг судлан сурталчлах, олон нийтэд хүргэх чухал ач холбогдолтой юм” гэдгийг онцолсон юм.
“Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр”-ийг тэмдэглэх хүрээнд энэ сарын 25-ны өдөр “Барилгын зураг төсөл техникийн баримт соёлын баримтат өв болох нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болж, мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах, зураг төсөл техникийн баримт болон хуучны түүх соёлын дурсгалт барилгыг сэргээхтэй холбогдох баримтыг бүрэн бүрдэлтэй үндэсний архивд шилжүүлэх, зураг төсөл, техникийн баримтыг ашиглах, судлах хэвлэн нийтлэх, гадаад дотоодод сурталчлах талаар хэлэлцсэн байна.
Тус хэлэлцүүлэгт ҮТА-ын захирал Т.Сайнжаргал, ҮТА-ын ЗТБА-ын эрхлэгч Я.Чулуун, ахмад архивч О.Тунгалаг, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр, Соёлын өвийн үндэсний төвийн бүртгэл мэдээллийн санч Х.Түмэнбаяр нар оролцож, хэлэлцүүлгийг МҮОНТВ-ийн Өв соёлын редакцын сэтгүүлч Ч.Батбаяр хөтөлж явуулсан юм.