Ф.Шопений бүтээл 200 орчим жилийн дараа олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-10-29 17:33:22

НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 29 /BBC/. Польшийн нэрт хөгжмийн зохиолч Фридерик Шопенийн нэгэн шинэ бүтээл анх туурвиснаас хойш 200 орчим жилийн дараа олджээ. Нэр нь үл мэдэгдэх вальсыг АНУ-ын Нью-Йорк хот дахь Морганы нэрэмжит номын сан, музейн агуулахаас олсон байна.


Тэртээ 1830-1835 оны хооронд бичигдсэн эл ховор гар бичмэлийг музейн сан хөмрөгч Робинсон МакКлеллан шинэ цуглуулгуудыг каталогт оруулах үеэрээ олжээ. Үүний дараа тэрбээр бүтээлийг баталгаажуулахын тулд нэрт хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг судалдаг тэргүүлэх мэргэжилтэнтэй хамтран ажилласан байна.


Уг бүтээлд Ф.Шопений гарын үсэг байгаагүй боловч гар бичмэлд түүний өвөрмөц басс түлхүүр бичигдэж үлдсэн байжээ. Вальсын хэмнэл, тэмдэглэгээнд бага зэргийн алдаа байсан хэдий ч Ф.Шопений бүтээл гэдэгт итгэлтэй байгаагаа Р.МакКлеллан хэлсэн байна.


“Энэ бол Шопений гараар бичсэн бүтээл мөн гэдэгт бид маш их итгэлтэй байгаа. Харин түүний зохиосон хөгжим гэдгийг бүрэн дүүрэн итгэлтэй хэлж чадахгүй. Би хувьдаа 98 хувь итгэлтэй байгаа, үүнийг сонссон олон хүн Шопений бүтээл шиг сонсогдож байгааг хэлсэн” гэж тэрбээр BBC телевизээр ярьжээ.

 


Холбоотой мэдээ