Залуучуудын дэлхийн аварга боксчин 8 мянган долларын шагнал хүртэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-10-30 12:49:58

МОСКВА, 2024 оны аравдугаар сарын 30. /ТАСС/. Олон улсын боксын холбооноос /IBA/ Монтенегро улсын Будва хотод болж буй боксын залуучуудын ДАШТ-нд оролцож буй медальтнууд ба бусад тамирчинд нийтдээ 500 мянган ам.долларын шагнал олгохоор шийдвэрлэжээ. Энэ тухай IBA-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Крис Робертс мэдэгдлээ.


17-18 насны залуучуудын ДАШТ Будва хотноо 10 дугаар сарын 23-наас 11 дүгээр сарын 4 хүртэл үргэлжих юм.


“Боксчдыг дэмжихэд бидний бүх үйл ажиллагаа чиглэж байгаа бөгөөд шагналын санг 500 мянган долларт хүргэх шийдвэр нь үүнийг нотолж байна.  Бид биелэхгүй амлалтыг өгдөггүй бөгөөд IBA бол тамирчдын эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг байгууллага гэдгээр бахархдаг. Тамирчид бол суралцаж, амжилт гаргаж, гэр бүлээ авч явах ёстой хүмүүс. Ялангуяа насанд хүрэгчдийн ангилалд шилжихээс ганцхан алхмын өмнө байгаа залуу боксчдын хувьд энэ нь нэн чухал” гэж К.Робертс ярилаа.


Түүний хэлснээр, эрэгтэй ба эмэгтэй нийт 25 жинд ¼-ийн финалд хүрч чадсан бүх тамирчин шагналын мөнгө авах ажээ. Тухайлбал, шилдэг наймд шалгарвал 1 мянган ам.доллар, хүрэл медальтан – 2000 ам.доллар, мөнгөн медальтан - 4 мянган ам.доллар хүртэнэ.


Харин дэлхийн аварга болсон залуу боксчин 8 мянган долларын шагнал хүртэх ажээ.   

 

Холбоотой мэдээ