ЗАВХАН: Баданга хүдрийг хамгаалах ажлыг хийх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-30 14:20:15

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Баданга хүдрийн тоо толгойг нь судлан тогтоож хамгаалах, өсгөж үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй явуулах нь чухал гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.  


Завхан аймагт баданга хүдэр эрт үеэс байршин нутаглаж ирсэн. Сүүлийн жилүүдийн ажиглалтаар хүдрийн мөр, баас зэрэг нь Ямаатын эх орчмын ойд тааралдсан ба биетээр харсан тохиолдол байхгүй.


Иймд тоо толгой нь ихээр цөөрч устaх aюул тулгaрч бaйнa. Баданга хүдрийн тоо толгой цөөрч, ховордсон нь хууль бус агнуур, ойн түймэр гол нөлөө үзүүлсэн бөгөөд ойрын гурваас таван жилдээ хүдэртэй биеэр болон ул мөртэй нь тааралдаагүй гэж нутгийн иргэд, байгаль хамгаалагчид ярьж байна.


Баданга хүдрийг сэлгэн нутагшуулснаар тус бүс нутгийн экосистемийн үйлчилгээг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалахад маш чухал ач холбогдолтой. 


Баданга хүдэр нь Монгол Улсын Амьтны тухай хууль, Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ийн II хавсралтад, Олон улсын Байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны хөхтөн амьтдын ховордлын зэргийг үнэлэх шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг” гэсэн ангилалд хамрагдсан байдаг.


Мөн Монгол орны хөхтөн амьтдын Улаан дансанд “Устаж болзошгүй” ангилалд бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль болон олон улсын хэмжээнд түүний тоо толгой, хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулж түүнийг хамгаалах, өсгөн үржүүлэх зүй зохистой менежментийг төлөвлөх шаардлагатай байгаа юм.


Зүй зохистой менежмент гэдэг нь тухайн зүйл амьтан уг газарт оршин байх нь экосистем, биологийн олон янз байдлын хамгааллын хувьд ач холбогдолтой. Мөн орон нутгийн иргэдийн байгаль хамгааллын талаарх мэдлэг нэмэгдэх ач холбогдолтой юм гэв.

Баданга хүдэр нь Монгол Улсын "Улаан ном"-д орсон амьтан юм

Холбоотой мэдээ