Монгол Улсын Шүүхийн индекс 1.28 оноогоор ахижээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-30 15:13:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын Шүүхийн индексийн оноо 2023 онд 53,22 болж, 2021 оны дүнгээс 1.28-аар ахисныг Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менеженр П.Бадамрагчаа "Монгол Улсын Шүүхийн индекс-2023" судалгааны дүнг танилцуулахдаа мэдээлэв. 


Нээлттэй нийгэм форум 2021 оноос эхлэн шүүхийн индексийн судалгааг хоёр жил тутамд хийж байна. Шүүхийн дүн мэдээ, олон нийт, мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг судалж, үр дүнг тоон утгаар илэрхийлдэг нь энэ судалгааны онцлог бөгөөд 100 оноогоор хэмждэг байна. Эдгээр нь шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал, шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүхийн дэд бүтэц, нөөц, шүүгчийн ёс зүй, хариуцлага, шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа гэсэн 6 үндсэн хэмжигдэхүүнтэйгээс гадна 108 шалгуур үзүүлэлтээр үнэлэгддэг аж.


Хоёр жилийн өмнө анх танилцуулсан шүүхийн индекс нь 2021 онд баталсан шүүхийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх үеийг хамарсан бол энэ удаагийн тайлан нь шүүхийн тухай хууль, холбогдох дүрэм журмын өнгөрсөн хугацааны хэрэгжилтийн үр нөлөөг дүгнэх боломж олгож байгаа нь онцлогтой аж. Тухайлбал, 2021 онд үнэлгээний 100 онооноос 30 авч байсан сахилгын хэрэг маргаан шийдвэрлэх талаарх мэдээллийн ил тод байдал гэсэн дэд хэмжигдэхүүний оноо 2023 онд 80 болж нэмэгджээ. энэ мэтчилэн шүүхийн үйл ажиллагааг 42 үзүүлэлтээр үнэлсэн онооны өсөлт, бууралтыг  www.judindex.forum.mn хаягт байршуулсан судалгааны тайлангаас харах боломжтой. 


“Оюуны инноваци” ТББ-тай хамтран хийсэн судалгааны өгөгдөл нь 21 аймаг, нийслэлийн нийт 2 мянга гаруй оршин суугчийг хамруулсан санаа бодлын асуулга, 400 гаруй хуульчийн үнэлгээ, захиргааны статистик мэдээллээс бүрджээ. 


Нээлттэй нийгэм форум нь 2008 оноос шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх судалгаа шинжилгээ, олон талын оролцоо бүхий бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн туршлагатай билээ. 

Холбоотой мэдээ