Алтны үнэ түүхэнд анх удаа 2800 ам.доллароос давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-10-30 16:25:53
НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 30 /Forbes/. Нэг унц алтны биржийн үнэ анх удаагаа 2800 ам.доллароос давлаа. Чикагогийн барааны биржийн (CME) 10 дугаар сарын 30-ны лхагва гаргийн арилжааны явцад 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ 0.7 хувиар өсөж, нэг унц нь 2800.5 ам.долларт хүрчээ.

Алтны зах зээл дэх үнийн шинэ дээд үзүүлэлтүүд нь АНУ-ын сонгуулийн үр дүн тодорхойгүй байгаа, Ойрх Дорнод дахь цэргийн мөргөлдөөн хурцадсанаас үүдэлтэй болгоомжлол хэвээр байгаа энэ үед аюулгүй хөрөнгийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Хөрөнгө оруулагчид алтыг геополитик, эдийн засгийн эрсдэлээс хамгаалах хэрэгсэл болгон ашигладаг.

Алтны зах зээлийн өсөлтөд мөн АНУ-ын эдийн засгийн хэтийн төлвийн талаарх болгоомжлол, хэрэглээний үнэ сэргэнэ гэсэн хүлээлт, түүнчлэн Энэтхэг, Хятад, Турк зэрэг хэд хэдэн орны Төв банкууд валютын нөөцөө төрөлжүүлэх зорилгоор алт худалдан авч байгаа нь нөлөөлж байна гэж шинжээчид үзжээ. 
Холбоотой мэдээ