ХОВД: 19 мянга гаруй аялагч хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-30 17:13:14

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймаг өнгөрсөн онд 33 мянга гаруй аялагч, жуулчин хүлээн авсан. Тэгвэл энэ жил 19 мянга гаруй аялагч, жуулчин хүлээн авчээ. 


2024 оны эхний долоон сарын байдлаар Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, гэр бааз, амралтын газраар 19 мянга гаруй гадаад, дотоодын аялагч үйлчлүүлсэн юм. 

Үүнээс 1668 нь гадаадын жуулчин, 17387 нь дотоодын аялагч байв. 


Тэд ихэвчлэн Дөргөн нуур, Хар ус нуур, Цамбагарав уул, Мөнххайрхан уул, Бодончийн хавцал гэх мэт байгалийн үзэсгэлэнт газраар аялжээ.  


Ховд аймагт байгалийн үзэсгэлэнт газар, түүх, соёлын дурсгал олон бий.   


Тухайлбал, Манжийн үеийн Сангийн хэрэм нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Энэ дурсгалыг хамгаалж, орчин үеийн шаардлагад нийцүүлэн сэргээн засварласнаар соёлын аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татахад эерэг нөлөө үзүүлэх боломжтой.  


Сангийн хэрэм (Сангийн хот) нь Ховд аймгийн төв талбайгаас 750 метрийн зайд 10.5 га газрыг эзлэн орших ба 300 гаруй жилийн түүхтэй, манжийн бэхлэлтийн үед барьсан хэрмийн үлдэгдэл гэдгээрээ онцлог юм.  




Ховд аймаг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр "Цайны зам" өв соёлын наадам, Тарвас эвент, "Мөнгөлөг шагшуурга" мөсний баяр зэргийг тодорхой хугацаанд зохион байгуулж байна. 


Үүнээс гадна Монгол Улсын есөн гайхамшгийн нэг болох Гурван Сэнхэрийн агуйгаас салаалсан таван чиглэлийн аяллын маршрутыг жуулчдад зориулан гаргажээ.   


Нэгдүгээр маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Хар ус нуур-Жаргалан хайрхан, Рашаантын хүрхрээ - Хар нуур -Дөргөн нуур, Жанжин овоо-Дарви сум-Загал баатрын хиргисүүр-Сутай хайрхан-Баатархайрхан-Ишгэн толгойн хадны зураг-Гурван Сэнхэрийн агуй.

                                                                

Хоёрдугаар маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Баянзүрхийн цогцолбор-Бодончийн хавцал-Алтай сум -Ямаан ус - Тахь ус -24 эх орончийн хөшөө-Дамжиг ус- Бүдүүн харгайт-Байтаг- Уушиг уул- Гурван хүүхэд уул- Их Онгогийн тал- Алаг толгой - Булган сум -Харуул овоо -Үенчийн хавцал -Их улаан даваа- Баянзүрхийн цогцолбор -Гурван Сэнхэрийн агуй.

                                                                
Гуравдугаар  маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Манхан сум-Шар булаг -Гоогийн гурван хайс – Мөнххайрхан сум - Мэлхий хад – Хөх нуурын хүрхрээ - Шуурхайн хүн чулуу - Долоон нуур – Мөнххайрхан сум – Дуут – Бүргэдтэй хайрхан - Нэвтийн рашаан – Гурван Сэнхэрийн агуй.

              
Дөрөвдүгээр маршрут: Гурван Сэнхэрийн агуй – Шувуун цуглаан - Ховд хот - Баянбулагийн амралтын газар – Баянбулагийн хиргисүүр - Хөх Сэрхийн нуруу – Сөртийн хөшөө – Ховд сум – Эе эвийн цогцолбор - Шургийн гол – Хөшөөтийн хадны зураг – Цамбагаравын хадны зураг – Тарвагатай гол – Бөөрөг – Балтгай - Цамбагарав уул – Шижигтийн хавцал – Эрдэнэбүрэн сум – Ховд хотын туурь – Ховд хот – Гурван Сэнхэрийн агуй.


Тавдугаар маршрут: Гурван Сэнхэрийн агуй – Шувуун цуглаан - Чандмань хар үзүүрийн хадны сүг зураг - Норжин хайрхан уул – Буянт сум – Ховд гол – Алтан Хөхий - Мянгад сум – Мянгадын шал – Чандмань толгой – Загийн элсэн тойруу – Дөргөн сум – Алаг уул – Бөлбөөтийн тохой – Хар нуур – Дөргөн нуур, Жанжин овоо - Чандмань сум – Гурван Сэнхэрийн агуй.


Ховд  аймгийн аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг бол Хар ус нуур



Энэ нь олон тооны усны шувуудын үүрлэж, өндөглөдөг, нүүдлийн шувуудын дайран өнгөрдөг гол чухал газар юм.  Тус нуур нь Монголд мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг гэдгээрээ онцлогтой. 


Хар ус нуурын байгалийн цогцолборт газарт Агваш арал, Алаг уул, Юмын хоолой, Бөлбөөтийн тохой, Жанжин овоо, Рашаантын хүрхрээ зэрэг үзэсгэлэнтэй газрууд олон бий.


Онцлоход, Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь Агваш хэмээх арал.

Агваш арал нь уулархаг зарим хэсэгтээ нам толгод, гүвээ элбэгтэй. Хамгийн өндөр цэг нь д.т.д 1440 м өргөгдсөн.  

Холбоотой мэдээ