ХОВД: Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 86.8 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг тодрууллаа.
Энэ жил Ховд аймгийн 17 сумын 91 багийн нутаг дэвсгэрт 3414.7 мянган толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан судалгаа гарсан байна.
Одоогоор малчдын түвшинд 66.2 мянган тонн өвс, 2.5 тонн тэжээл, 7.5 мянган тонн хужир шүү бэлтгэжээ. Харин сумын аюулгүйн нөөцөд аравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 496 тонн өвс, 358.5 тонн тэжээл бэлтгэсэн байна. Мөн аймгийн аюулгүйн нөөцөд 210 тонн өвс, 560 тонн тэжээл бий.
Ховдынхон 2024-2025 онд урьдчилсан байдлаар 299.9 мянган толгой малыг хүнсэнд хэрэглэх, 330.7 мянган толгой малыг зах зээлд нийлүүлэх судалгаа гарлаа.
Ховд аймгийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан дүн одоогоор 86.8 хувьтай, тусгай төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Цаашид улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газар, тусгай хэрэгцээний отрын бүсэд өвөлжих айл, малын тоог гаргах ба сумын өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, мах бэлтгэх ажлыг эрчимжүүлэх чиглэлд анхаарна гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.