ХОВД: Сумын иргэдэд чиглэсэн соёлын ажлыг эрчимжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Соёлын бүтээлч сар” аян нээлтээ хийлээ.
Аяны хүрээнд тус аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хөгжимт драмын театр, Музей, Нийтийн номын сангаас тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөгөө гаргажээ.
Тодруулбал, энэ сард соёлын боловсрол олгох үйл ажиллагаа болон үзэсгэлэн, эрдэм шинжилгээний илтгэл, өдөрлөг, иргэдийг соён гэгээрүүлэх ажил, урлагийн тоглолт зэргийг тусгай хуваарийн дагуу зохион байгуулна.
Өнөөдөр аяны нээлтэд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчид болон Хөгжил политехник коллежийн оюутан, Жаргалант сумын eрөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл 300 гаруй хүн хамрагдсан байна.
Мөн тус аяны нээлтийг Ховд аймгийн бүх сумын Соёлын төв орон нутагтаа нэгэн зэрэг зохион байгуулжээ.
Энэ жилийн хувьд “Соёлын бүтээлч сар” аянд бүх сум оролцох ба хөдөөгийн иргэдэд чиглэсэн соёлын бүтээлч ажлыг эрчимжүүлэхээр зорьж байгаа нь онцлог юм.
Ташрамд, 2023 онд хийсэн судалгаагаар Ховд аймагт соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэгч, өвлөн уламжлагч 836 хүн бүртгэлтэй байна.