Польш улс батлан хамгаалах зардлаа ДНБ-ний 4,7 хувьд хүргэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАРШАВ, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /VOA/. Польш улс эхний ээлжинд 100 гаруй ширхэг пуужин харвагч HIMARS системийг Lockheed Martin Corporation компаниас худалдан авахаар хэлэлцээ хийх гэж байгаа бөгөөд цаашдаа нийт 486 нэгж төхөөргийг тус улсад нийлүүлэх ажээ. Энэ тухай Польшийн БХЯ-ны Зэвсэглэлийн асуудал агентлагийн захирал, генерал Артур Куптель мэдэгдлээ.
Польшийн засгийн газрын мэдэгдсэнээр, тус улс 2024 онд ДНБ-ний 4,1 хувийг
батлан хамгаалах салбарт зарцуулахаар төлөвлөсөн нь НАТО-гийн гишүүн орнуудын
дотор хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Улмаар 2025 онд энэ тоог 4,7 хувьд
хүргэх ажээ.
Генерал Куптелийн тайлбарласнаар, HIMARS-ыг худалдан авах хэлэлцээ хийхийн өмнө
түүнтэй төстэй өндөр ончтой пуужингийн системийг Өмнөд Солонгосоос
худалдан авахтай холбоотой хэлэлцээг дуусгах шаардлагатай байгаа юм. HIMARS төхөөрөгт зориулсан пуужингуудыг Польшид үйлдвэрлэх
боломжийн тухайд генералаас асуухад “бид өчүүхэн жижиг сумнаас эхлээд артиллерийн
ба пуужингийн системүүдийг дотооддоо үйлдвэрлэхийг эрмэлзэж байгаа, гэхдээ хүсэл
эрмэлзлээ бодит боломжтой харьцуулах нь зүйтэй” гэв.
HIMARS-ыг худалдан авах хэлэлцээ хийхийн зэрэгцээ Польшийн
тал Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн K239 Chunmoo гэдэг пуужин харвах системийг /Польшийн
ангиллаар HOMAR-K/ худалдан авахаар энэ оны дөрөвдүгээр сард захиалга өгчээ. Уг системийг 2026 онд
нийлүүлж эхлэх ажээ. Түүнээс гадна, Польшийн зэвсэг үйлдвэрлэгч WB гэдэг хувийн компани Өмнөд Солонгосын Hanwha
Aerospace корпорацтай хамтран уг пуужин харвагчид зориулсан пуужингуудыг Польшид
үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
2024 он гарснаас хойш Зэвсэглэлийн асуудал эрхэлсэн агентлагаас зэвсэг худалдан
авах 100 гаруй гэрээг байгуулаад байгаа бол он дуусахаас өмнө дахин хэдэн арван
гэрээг байгуулахаар төлөвлөжээ.